Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!


9-р сарын 4
17 цаг 27 минут

Эрх баригчид зорилтот бүлгийнхэнд зориулан орон сууц барьж, ашиглалтад оруулсан ч одоог болтол  үнийг нь зарлаагүй байна. Тухайлбал, Нисэхэд баригдсан “Солонго-1” 2000 гаруй айлын орон сууцыг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулсан ч  1м2 –ыг нь хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй хэвээр.

Засгийн газрын барьж байгаа бодлогоор “Солонго-1”  төсөлд газраа чөлөөлсөн иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албан хаагч, залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүлийг хамруулахыг зорьж буй.  Ингэхдээ орон сууцгүй иргэнийг хамруулна.  Мөн төрийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн нь татвар, НДШ-ийн өргүй байхаас гадна түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлдөг.

Дээр нь түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц хөлслөх гохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор 5 хүртэл жилийн хугацаанд графикийн дагуу нэмэлт төлбөр төлөх үүрэг хүлээдэг.

Жишээ татвал, "Буянт-Ухаа-2" орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд хоёр өрөө байрны урьдчилгаанд 5 сая төгрөг байршуулж байв. Тухайн үед дээрх орон сууцны 1м2-ын үнэ 1.1  сая орчим  төгрөгөөр тогтож байсан.

Иймээс ирэх аравдугаар сард “Солонго-1” төсөлд иргэдийн хүсэлтийг хүлээн авах нөхцөлд түүнээс урьтаж, 1м2-ын үнийг тодорхой зарлах шаардлага тулгарч байна. Байрны үнэ хэд байхаас хамаарч иргэд уг орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр авах уу, болих уу гэдэг шийдлийг гаргах учиртай.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Солонго-1”, “Солонго-2” төслийн хүрээнд нийт 5000 гаруй айлын орон сууц баригдаж ашиглалтад орно. Одоогоор 2000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Ирэх жил 2900 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж буй.

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гаас жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан.

Угтаа “Солонго-1”, “Солонго-2” төслийг долларын зээлээр хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Төгрөгийн ханш унасаар байвал зээлийн өртөг өснө. Тэр хэрээр орон сууцны үнэ ч өсөх эрсдэл бий.

Гэтэл дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн олонх нь орлого багатай. Долларын зээлээр барьсан орон сууцны өртөг өндөр гарч магадгүй байгаа. Хэрвээ үнэ өндөр тогтвол орлого багатай иргэд хамрагдахад хүндрэлтэй болно.  Тэр тусмаа түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдахад бэрх болох юм. Жишээлбэл, “Солонго-1” орон сууцны 1м2 байрны үнэ 3.8 сая төгрөгөөр тогтвол  хувийн хэвшлүүдийн барьсан орон сууцтай харьцуулахад хямддаа орох боломжтой. Харин 1м2 нь 3.8 сая төгрөгөөс дээш тогтвол зорилтот бүлгийнхэн хамрагдахад хүндрэл үүснэ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Ипотект хамрагдах орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь байгааг 15 хувь болгон бууруулах зохицуулалт хийнэ” гэж мэдэгдсэн нь нэг талдаа урьдчилгаа бүрдүүлэхэд хүндрэлтэй иргэдэд уян хатан боломж ч байрных нь үнэ өндөр бол сар бүр төлөх мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэж ачаалал үүсгэнэ.

Хэдийгээр төр зорилтот бүлгийнхнийг ипотекийн зээлд эхлэн хамруулах бодлого барьж байгаа ч банкны шалгуур нөхцлийг бага дундчуудынх нь орлого хангах уу гэдгээс эхлээд асуудал дагуулж мэдэхээр буй.

Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийн тоо эдүгээ 46 мянгыг давсан нь  ойрын таван жилдээ хүлээхээс аргагүй нөхцөлд хүргээд байна. Тэр тусмаа ипотекийн дугаарыг урагшлуулах танил талгүй, өгөх авлигын мөнгөгүй бол хүлээхээс өөр сонголтгүй болсон.

Ипотекийн зээл хүртээмжгүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно.  Үе, үеийн Засгийн газар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх амлалт өгч ирсэн ч биеллээ олсон нь үгүй. Жишээ татвал, Г.Занданшатарын танхим өнгөрсөн онд 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангаас гаргаж, ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулна гэж мэдэгдсэн ч ажил болоогүй. Н.Учралын Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй явсаар есдүгээр сартай золгосон. Энэ хугацаанд Монголбанк өмнө олгосон ипотекийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг шинээр хүсэлт өгсөн иргэний ипотекийн хүсэлтийг шийдвэрлэхэд зарцуулсан гэх мэдээлэл бий.

Монголбанкны мэдээллээр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар шинээр 1916 зээлдэгчид 316.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.  Энэ нь жилд олгодог ипотекийн зээлийн санхүүжилтийн 40 гаруй хувь нь эзэддээ хүрсэн гэж хэлж болохоор буй.  Учир нь, Монголбанк ипотекийн зээлээс орж ирсэн эргэн төлөлтөөр дараагийн ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж ирсэн. Энэ нь 500 орчим тэрбум төгрөг болдог. харин арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл хэрэгжүүлдэг нь 200 орчим тэрбумд хүрдэг.

Нийт дүнгээрээ жилдээ 700 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн шинэ хүсэлтийг шийдвэрлэхэд зарцуулж байгаа юм. Гэтэл хэрэгцээ нь хэдэн их наядаар зээл авахаар ирдэг.  Тэр бүгдийг шийдвэрлэх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй.

Нөгөө талдаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эргээд байрны үнийг өсгөх эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж ирсэн юм.

Олон улсын валютын сангаас Төв банкийг ипотекийн зээлийг санхүүжүүлж, инфляц үйлдвэрлэхгүй байх зөвлөмжийг өгч ирсэн. Монголбанк ч Засгийн газарт хүсэлт тавин дээрх хөтөлбөрийг шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч судалгаа хийсээр өнөөдөртэй золгосон. Одоог хүртэл Төв банкнаас ипотекийн санхүүжилтийг Засгийн газарт татан авч, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж чадаагүй хэвээр байна.  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхэлсэн ипотекийн зээлийг Төв банкнаас татан авах судалгаа хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хэзээ дуусаж, ямар байдлаар шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 11 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 12 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 13 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 14 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 15 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 16 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 17 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 18 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 19 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 20 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.