Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж байна.
“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрөөс ЕБС-иудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллуулж эхлүүлжээ. Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10600 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1230 орчим нь сургуулийн орчинд үйлджээ. Үүний 74 хувь нь нийслэлд бүртгэлтэй бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, “Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хууль сахиулах болон холбогдох байгууллагуудаас аян, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх шаардлагатай болсон. Иймд “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна” гэв.
“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулах чиглэлээр ажиллах ажээ. Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж хамгаалах юм.
Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран тогтмол зохион байгуулж, “School police” эргүүлд үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар хангана. Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах чухал холбоос болохыг албаныхан тодотголоо.

Сэтгэгдэл бичих