Хүнд хэлбэрийн түгшилттэй сэтгэл гутрал маань овоо илааршиж байтал хоёр дахь удаа сэтгэл гутралд орж байлаа. Тэр зун ахынхаа зуслан дээр ээжээсээ нуугдан байж том хүүгээ тэврээд “Ээж нь энэ удаа дийлэхгүй юм шиг байна” гээд уйлж билээ. Яагаад гэвэл тэр сэтгэл гутрал хэдхэн хоногийн дотор буцаад ирсэн.
Надад дахиад тэмцэх хүч байхгүй гэж бодохоор энэ өвчин давж дийлэхээргүй уул овоо шиг санагдаж байв.
Хагацал гуниг, баяр бахдал гээд ерөөс энэ амьдралд хар цагаан сүлэлдэнэ. Шантарчихмаар, больчихмоор бас уйлчихмаар, дуулчихмаар, үсэрч дэвхэцчихмээр мөч бүрийн түүх өөр. Гутарсан үе, давсан даваа, байгуулсан гавьяа бүхний цаана хүн бүрийн түүх бий. Тэрхүү түүхийг бичиж бас дурсаж байгаа тэдний түүх энд бий.
"Хүний түүх" булангийн энэ удаагийн дугаарт Нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадвар олгох СИИ сургалтын багш А.Ариунзаяа оролцлоо.
Дарханы хавар хачин гоё. Цас ханзарч, хайлмагтан урсана. Хорвоо дэлхий цоохорлож, үлдсэн хэсэг цасан дээр нар тусан гялбаална. Урь орсон тэр үед хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглож байсан тоодгорхон нас минь хамгийн жаргалтай санагддаг байлаа.
Би 1974 оны наадмын өмнөхөн төрсөн юм. Тэр үед ээж, аав минь Сэлэнгийн Зүүнхараад ажиллаж, амьдарч байсан. Дараа нь манайх Дархан руу шилжиж миний бага нас тэнд өнгөрсөн. Бид эхээс дөрвүүлээ. Ээж эгч бид хоёрыг тухайн үеийн “зөвлөлтийн” сургуульд сургадаг байв.
Армен, Азербайжан гээд л ЗХУ-ын бүх 15 бүгд найрамдах улсаас ирсэн хүүхдүүдтэй хамт сурдаг байсан болохоор өөрийгөө олон соёл, ялгаатай үзэл санаа, олон янз байдалд илүү уян хатан байж магадгүй гэж боддог.
Намайг багад зарим багш нар хичээл заахдаа их уур уцаартай санагддаг байсан. Тэр үед хичээлээ ойлгохоос илүү багшийн нүдийг хариулж муухай ааштай орж ирэх нь үү, сайхан ааштай орж ирэх нь үү гэж сэмхэн түгшдэг байлаа.
Уг нь тэнд сурагч хичээлээ хийж, багш заах ёстой л талбар шүү дээ.
АНХНЫ АЖЛАА ХИЙЖ ЦАЛИНГАА АВААД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ САЙХНЫГ МЭДЭРЧ БИЛЭЭ
Хүүхэд нас минь дандаа жаргалтай байгаагүй ээ. Бага байхад аав минь өнгөрч, ээжийгээ амьдралын өдөр бүр тэмцэж байгааг харж өссөн.
Үүнээс эмэгтэй хүн ямар хүчтэй байдгийг бас суралцсан. Ээж минь тухайн үед их чанга хатуу хүн юм шиг санагддаг байж билээ. Хурдхан эрх чөлөөтэй, дураараа амьдрах сан гэж их хүснэ.
Тиймээс оюутан болохдоо нэг л сайхан шинэ амьдрал эхэлж буй мэт санагдаж, одоо би жинхэнээсээ өөрөөрөө байх нь ээ гэж бодож байсан.
Тэр үед эдийн засаг их хэцүү, эргээд бодоход талх хүртэл олддоггүй байв. Гэхдээ л миний амьдралын хамгийн сайхан үеийн нэг байлаа.
Би Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны сургуулийг Англи Америк орон судлаачаар төгссөн. Тухайн үеийн хамгийн шилдэг дипломатуудаар хичээлээ заалгадаг байв.
Анхны ажлаа хийж цалингаа аваад санхүүгийн эрх чөлөөний сайхныг мэдэрч билээ. Тэгээд л бушуухан ажил хийе гэж л бодсон байх.
Сурагч байхдаа орос хэл, их сургуульд англи хэл үзэж байсан сэтгүүлчээр ажиллах урилга хэд хэдэн удаа ирж байлаа. Тэгээд МҮОНРТ-д богино долгионы радиогоор англи хэлээр нэвтрүүлэг бэлдэж, орчуулагч редактораар 8-9 жил ажилласан байв. Радиод ажиллаж байхдаа салбараа солих зоримог шийдвэр гаргаж билээ.
Тэр үед радиод ажиллаж байсан Дэвид О Коннор “Сэтгүүлч хүн голын нөгөө эрэгт гарах гэж байгаа бол буцаж орж ирж болохгүй.
Олон нийттэй харилцах салбарт ажиллачхаад буцаад сэтгүүлчээрээ ажиллах ёс зүйн хувьд буруу юм аа” гэж хэлж байсан. Хэсэг бодсон ч шийдээд л гарчихсан.
ХУРДХАН ЭНЭ ЗОВЛОНГ ЗОГСООМООР, ЁРООЛ НЬ ҮЛ ХАРАГДАХ ХАРАНХУЙ НҮХЭНД УНАЖ БАЙГАА МЭТ САНАГДДАГ БАЙВ
Ажиллаж бас амьдарсаар хоёр сайхан үр, хань ижилтэй болсны дараагаар 37 насандаа клиник сэтгэл гутралд орж байв. Тэр дороо шууд өвдөөгүй, олон жилд суурь нь тавигдаад л байсан байж. Эхлээд хүчтэй паник аттак буюу түгшилт өгдөг байв.
Байнга л түргэн дуудна, эсвэл эмнэлэгт очно. Тэгээд удалгүй депресст орж клиник сэтгэл гутрал гэдэг онош сонссон. Хурдхан энэ зовлонг зогсоомоор, ёроол нь үл харагдах харанхуй нүхэнд унаж байгаа мэт санагддаг байв.
Ажлаасаа гараад паник аттак, сэтгэл гутрал, тэдгээрийн шалтгаан, даван туулах арга гээд л хайж эхэлсэн. Англи, орос хэлээ ашиглан гадаад эх сурвалжаас их ч мэдээлэл уншиж байлаа. Нэг л мэдэхэд энэ салбарт шумбаад орчихсон доо. Сэтгэл гутрал их сонин гаднаа зүгээр байгаа юм шиг хэрнэ амьдралын чанарыг орвонгоор нь эргүүлдэг өвчин.
Уг өвчнийг судалж байхдаа хаанаас ч юм удамших магадлалтай гэж уншиж байлаа. Эх хүн өөрөөсөө болж хүүхдээ зовоочих вий дээ гэж их айдаг юм билээ. Хүүхэд минь өвчилбөл яана гэж их бодсон.
Би хэзээний л их түгшүүртэй хүүхэд байсан. Өөртөө итгэлгүй, гэсэн ч заавал мундаг байх ёстой, тийм байх ёстой гэж өөрийгөө шахдаг. Тэгээд л зогсоо зайгүй хорвоо дэлхий их хэцүү байнга тэмцэж байх ёстой гээд л боддог түгшүүр суурьтай хүн байсан. Түгшүүртэй хүн хэзээ ч жаргалтай байдаггүй юм билээ.
Одоо эргээд бодоход түгшүүрт ээж бас эхнэр байж.
Би өөрийнхөө итгэл үнэмшилд хатуу зогсож, тэр л туйлын үнэн гээд итгэчихсэн хүн байсан. Өөрийгөө сайн таньж мэддэггүй, бусдыг бүрэн дүүрэн ойлгодоггүй, ил харагдсан бүхэнтэй тэмцэлдэнэ. Миний энэ зан магадгүй миний зовлонгийн шалтгаан ч болсон байж магадгүй. Бусдын үнэт зүйл, итгэл үнэмшлийг, зовлон жаргалыг аль болох сайн ойлгох, тэр цаана байгаа суурь шалтгааныг сонсож сурах л миний хамгийн том сургамж байсан.
Өвдөж байх үед намайг үзэж байсан эмч нар, ярилцаж байсан хүмүүс одоо миний байдлыг харвал гаднаасаа ч дотроосоо өөрчлөлт гарсан байна гэж дүгнэх байх. Намайг өвдсөн үед зарим хүмүүс "Чи ямар хүнд өвчин туссан биш гутрахаа л больчхооч" гэдэг байж билээ. Нийт хүмүүс энэ талаар мэдлэг дутмаг байгаагийн шинж байх. Хэн нэгэн сэтгэцийн эмнэлэгт үзүүлж гэвэл “Өө энэ шизофрени тусчихсан юм байх даа” гэж ярьдаг байсан үе саяхан. Уг нь сэтгэцийн 400 гаруй өвчин байхад манайхны мэддэг ганц өвчин нь л шизофрени.
ТӨРӨЛХИЙН МУУ ХҮҮХЭД ГЭЖ БАЙДАГГҮЙ. ХҮҮХДИЙН АРД ЯМАР НЭГ ГЭМТЭЛ, ЦОЧРОЛЫН ШАЛТГААН БИЙ
Ингээд анх 2019 онд нэг дуудлага ирсэн. Олон нийттэй харилцах ажил хийдэг байсныг мэддэг хүн АНУ-ын Эмори их сургууль сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэсэн нийгэм сэтгэл хөдлөлийн хөтөлбөрийг олон нийтэд таниулмаар байна гэсэн. Миний туулсан бүх жаргал, зовлон надад энэ ажлыг чи л хийж чадна гэх шиг санагдаж байв.
Өвчнөө давахад хэрэглэж байсан бүх аргыг минь сургуулийн хөтөлбөр, хичээл болгоод бэлтгэсэн байсныг хараад гайхаж бас эргэж буцалтгүй энэ замыг сонгож байв. Ажлаа хийж байх явцдаа би их зүйл сурч байв. Одоо нийт 50 гаруй сургуульд нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварын сургалт орсон байна.

Сэтгэгдэл бичих