Монгол Улсад гемофили буюу цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй, урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг 173 иргэн бүртгэлтэй байдаг. Тэдгээр иргэдийн эмчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор рекомбинант VIII, IX фактор болон шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулж, эмийн нэгж үнийг бууруулснаар 350 сая төгрөгийн хэмнэлт бий болголоо. Хэмнэсэн хөрөнгөөр нэмж 3 нэр төрлийн эм захиалж, нийт 5 нэр төрлийн рекомбинант факторын хангамжийг бүрдүүллээ. Төсвийн хэмнэлт бол зөвхөн мөнгө хэмнэх бус, хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэх бодит үр дүн байх ёстой" гэв.
"Уг эмийг хүлээлгэн өгснөөр Монгол Улсад цус бүлэгнэлтийн өвчтэй хүмүүст шаардлагатай эмчилгээгээ хийлгэх найдвартай нөхцөлийг бүрдүүлж байна. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” хэмээн НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон хэллээ.
Өнөөдөр хүлээлгэн өгч буй рекомбинант VIII, IX факторууд нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалттай зах зээлд нийлүүлэгддэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн юм. Цус бүлэгнэлтийн өвчтэй иргэдэд эмчилгээний хэрэгцээг тогтвортой хангах боломжийг нэмэгдүүлжээ.
Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахын зэрэгцээ эрэлт хэрэгцээнд суурилсан төлөвлөлт, чанарын баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллаж буй.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих