Орон сууцны үнэ жил бүр нэмэгдэж залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох мөрөөдөл болсон. Орон сууцууд байршлаасаа хамаараад үнэ харилцан адилгүй. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байрны үнэ хамгийн өндөр байна. Тодруулбал, 220 мянгат орчмоор нэг метрквадрат нь найман сая орчим төгрөгийн үнэтэй байгаа аж. Тэгвэл 2024 онд энэ байршилд орон сууц нэг метр квадрат нь 4.3 сая төгрөг байсан бол 2025 онд 5.2 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин энэ жилийн долдугаар сарын байдлаар тус байршилд нэг метр квадратын үнэ 7.9 төгрөг болж нэмэгджээ. Сонгинохайрхан дүүрэгт байрны үнэ хамгийн хямд буюу 3.2 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Хан-Уул дүүрэгт 5.5 сая төгрөг, Баянгол дүүрэгт 4.4 сая төгрөгийн үнэтэй байна.
Цэцэрлэгт хүрээлэн орчмоор 7.1 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харвал, шинэ орон сууцын үнэ өнгөрсөн жилээс 5.1 хувиар өссөн бол хуучин орон сууцын үнэ 6.8 хувиар өссөн байна. Ерөнхийдөө орон сууцын нэг мвк-ын үнэ нэг жилд 400-500 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэгт орон сууцын дундаж үнэ 4.6 сая төгрөг байсан бол энэ онд 5.1 сая төгрөгийн үнэ байна.
Сүүлийн жилүүдэд хуучин орон сууцын үнэ шинэ байраас дутахааргүй өсөж байгаа аж. Тодруулбал, хуучин орон сууцын нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.8 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 8.5 хувиар буву 440 мянган төгрөгөөр өссөн байна.
Байрны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ түрээсийн үнэ дагаад өсдөг. Өнөөдрийн байдлаар, орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.3 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.9 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.95 сая төгрөг байна.
1–3 өрөө байрны түрээсийн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1.6–3.7 сая төгрөг гэж байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу нэг сая төгрөгөөс хоёр сая төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл бичих