“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг 'B+' түвшинд, төлвийг "тогтвортой" хэвээр баталгаажууллаа.
Монгол Улсын зээлжих зэрэглэлд дунд хугацааны огцом өсөлт, их хэмжээтэй бус засгийн газрын өр, 'B' ангиллын бусад улсуудтай харьцуулахад нэг хүнд ногдох орлого нь илүү өндөр зэрэг хүчин зүйлс эергээр нөлөөллөө. Эдгээр давуу талыг гадаад цочролд эмзэг болгодог гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай байдал, Хятад руу чиглэсэн бараа бүтээгдэхүүний экспортод тулгуурласан эдийн засаг зэрэг сул талууд тэнцвэржүүлсэн байна.
Их хэмжээний гадаад өр, дунд зэргийн хэмжээтэй гадаад валютын нөөц, эдийн засгийн мөчлөгийг дагасан бодлого нь гадаад эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Монгол Улс Дэлхийн банкны Засаглалын үзүүлэлтүүдээр 'B' зэрэглэлийн бусад улстай харьцуулахад сайнаар үнэлэгддэг боловч бодлогын тодорхой бус байдал саад учруулж байна.
Үнэлгээнд нөлөөлсөн гол хүчин зүйлс
Уул уурхайн салбар ДНБ-ий өсөлтийг тэтгэж байна. Уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт үргэлжлэхээр байгаагаас шалтгаалан 2026 онд ДНБ-ий бодит өсөлт 5.6 хувь, дунд хугацаанд ойролцоогоор 5.5 хувь байна хэмээн бид таамаглаж байна. Зэс болон алтны экспортын өсөлт нь Оюу Толгойн гүний уурхайн олборлолт нэмэгдэж буйгаас шалтгаалсан хэвээр байна. Мөн Хятад дахь эрэлт тогтвортой байгаа, хил дамнасан тээвэрлэлт сайжирч байгаа нь нүүрсний экспорт өсөхөд эергээр нөлөөллөө.
Сэргэж буй инфляцийн дарамт: Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн байнгын дарамт болон эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан 2026 онд инфляц дунджаар 10 хувь байна хэмээн бид таамаглаж байна. Энэ нь Монгол банкны 4–8 хувийн зорилтот түвшнээс өндөр байгаа юм. Ормузын хоолойг хааснаас үүдэлтэй дэлхийн нефтийн зах зээл дэх цочролын нөлөөг тогтвортой, хямд өртөгтэй Оросын нийлүүлэлт саармагжууллаа. Гэсэн хэдий ч 2026 оны долоодугаар сараас хойш Орост шатахуун түлшний хомсдол үүссэн нь Өмнөд Солонгос, Хятад зэрэг өөр ханган нийлүүлэгчийг хайх, түр зуурын түлшний квот тогтооход хүргэсэн юм.

Сэтгэгдэл бичих