Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлт авч эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 94,160 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр ирсэн талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн есөн дүүрэг дундаас хүн амын нягтаршил өндөр бүс болох Баянзүрх дүүрэгт 2-5 насны хүүхдээ төрийн өмчит цэцэрлэгт хамруулах хүсэлт хамгийн өндөр буюу 22,931 хүүхэд бүртгэлээ илгээсэн байна. Харин Хан-Уул дүүргийн хувьд 19,206 хүсэлт, Баянгол дүүрэгт 12,023 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт ирүүлжээ.
Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг насны бүлгээр ангилж авч үзвэл, хоёр настан 19569, гурван настан 23,647, дөрвөн настан 24480, таван настан 26,464 хүүхэд тус тус хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан ирүүлсэн байна. Харин орон нутгийн хувьд өнөөдрийн байдлаар 6694 хүүхэд хамрагдах хүсэлт гаргасан. Цэцэрлэгт хамрагдах бүртгэл 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт хүртэл үргэлжлээд дуусах юм.

Сэтгэгдэл бичих