Швейцарын нутаг дахь Альпийн нуруунд 1992 онд сураггүй алга болсон Бельгийн хоёр уулчны цогцсыг Италитай залгаа хилээс холгүй орших Трифт гэдэг хайлж буй мөсөн голоос олжээ.
Нэгэн жуулчин долоодугаар сарын 26-ны өдөр тэдгээр цогцсыг олсон бөгөөд Сьон хот дахь Вале кантоны эмнэлгийн шүүхийн шинжилгээний төвд авчирсан байна. ДНХ-ийн шинжилгээгээр 34 жилийн өмнө Вайсмис уулын орчимд алга болсон хоёр уулчны цогцос мөн болох нь батлагдажээ.
Тэд 1992 оны есдүгээр сарын 4-ний өдөр Вайсмис уулан дахь нэгэн овоохойгоос гарч, 4017 м өндөр оргилд гарахаар явсан байна. Хоёр залуу эр Альмагель гэдэг овоохойд хүрсэн боловч цаг агаарын байдал муудсан тул цааш авирч чадаагүй ажээ.
Тэднийг эрэн хайх ажиллагаа хэдэн сарын турш үргэлжилсэн бөгөөд аврагчид үүргэвчийг нь олсон байна. Харин сүүлийн жилүүдэд Швейцарын Альпийн нуруунд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голууд хайлж эхэлснээр олон жилийн өмнө алга болсон хүмүүсийн цогцсууд ил гарч ирж байгаа юм. Өнгөрсөн онд Вале кантоны нутаг дахь Обер-Габельхорн уулын мөсөн голд 1994 онд сураггүй алга болсон Швейцарын нэгэн уулчны цогцос олджээ.
Мөн Тирол дахь Альпийн нурууны нэгэн салбар уулын 3200 м-ийн өндөрт зэс чулууны үеийн буюу 5300 жилийн өмнө амьдарч байсан нэгэн хүний занданшуулсан шарил олдсон байна.
Вале кантоны цагдаагийн газар 1925 оноос хойш алга болсон хүмүүсийн бүртгэлийг сэргээн хөтөлж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих