Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Тодруулбал, Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж /Дадал сум/, Эг /Батширээт сум/, баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот/, Хараа /Баруунхараа сум/, Хангай нуруунаас усжих Богд /Улиастай сум/, Буянт /Отгон сум/, Идэр /Идэр сум/ голуудын усны түвшин нэмэгджээ.
Мөн Туул /Лүн сум/, Дадал /Балж сум/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.
Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байхыг анхааруулав. Түүнчлэн тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвшөөрсөн, баталгаат гүүр, гармаар зорчих, хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзаж, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрд хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих