Карин Питтнер: ChatGPT-ийг мэдлэг, мэдээлэл авах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай


8-р сарын 20
15 цаг 20 минут

“Боловсролын чанар, хүмүүншил: Дижитал эрин үед сургах, сурах арга зүйн шийдэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Монгол Улсын Боловсролын их сургуульд болж байна.

Энэ үеэр ХБНГУ-ын Рүүрын Бохумын их сургуулийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, МУБИС-ийн хүндэт профессор Карин Питтнертэй ChatGPT-ийн боловсролд үзүүлж буй нөлөөллийн талаар ярилцлаа.

Тэрбээр тус эрдэм шинжилгээний хуралд “ChatGPT-ийн нийгэм, боловсролд үзүүлэх нөлөө: Аюул, боломж ба тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Таны судалгаагаар ChatGPT боловсролын салбарт ямар боломж, эрсдэлийг бий болгож байна вэ?

Миний хувьд хамгийн түрүүнд ChatGPT-ийн эрсдэлийг дурдмаар байна. Оюутнууд ChatGPT-ийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр гэрийн даалгавар, эрдэм шинжилгээний ажилдаа ашиглаж байна. Энэ нь оюутнуудын мэдлэгийг бие даан бүтээх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй.

Манай их сургуульд олон гадаад оюутан суралцдаг. Тэдний гэрийн даалгавар, бичгийн ажлыг шалгахад үг үсгийн болон найруулгын алдаа багассан нь ажиглагддаг. Энэ нь багшийн хувьд даалгаврыг шалгахад тодорхой хэмжээгээр хялбар болж байна гэсэн үг.

Оюутнууд ChatGPT-ийг яг хэрхэн ашиглаж байгааг бүрэн хянах боломжгүй. Гэхдээ бичгийн ажилд гардаг үг үсгийн алдаа багасаж, тодорхой хэмжээнд бичгийн чадвар нь сайжирсан байдал ажиглагддаг.

-Оюутнуудад ChatGPT-ийг хэрхэн зөв ашиглуулах хэрэгтэй вэ?

Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр суралцаж байгаа оюутнууд ирээдүйд ChatGPT болон бусад хиймэл оюуны хэрэгслийг ажилдаа ашиглах нь цаг хугацааны асуудал.

Тиймээс оюутнуудад суралцах хугацаанд нь ChatGPT-ийг хэрхэн ухамсартай, зөв зохистой ашиглах талаар зааварчилгаа өгөх шаардлагатай. Үүний зэрэгцээ боловсролын үндсэн зарчим, сургуулиас тавьдаг шаардлагыг зөрчихгүйгээр хиймэл оюуны тусламжтайгаар мэдлэгийг хэрхэн бүтээх, олж авсан мэдлэгээ хэрхэн ашиглах талаар тодорхой зохицуулалт шаардлагатай болж байна.

Мөн ямар хэрэгсэл, эх сурвалж ашигласнаа тэмдэглэж, мэдээлж байх, цаашлаад хиймэл оюуныг ашиглахдаа шударга ёсны зарчим руу чиглэх хэрэгтэй.

-Хиймэл оюун ухаан багшийн ажлыг орлож чадах уу?

Энэ талаар олон эрдэм шинжилгээний судалгаа хийсэн байдаг. Тэдгээрийг нэгтгэн дүгнэвэл хиймэл оюун ухаан багшийг хэзээ ч бүрэн орлож чадахгүй.

Харин багшийн ажилд туслах, сургалтын үйл ажиллагааг дэмжих, багшийн ажлыг хөнгөвчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах бүрэн боломжтой нь харагдаж байна.

Хиймэл оюун ухаан багшийг бүрэн орлохгүй ч сургалтын үйл явцыг дэмжих боломжтой

-Хиймэл оюун ухаан оюутны өмнөөс “бодож”, “бичиж” эхэлбэл бид боловсролын чанарыг юугаар хэмжих вэ? Өмнөх үнэлгээний тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу?

Өмнө нь бид эрдэм шинжилгээний бичвэрийн эцсийн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл бичсэн бүтээлийн агуулгад голлон анхаардаг байсан. Гэвч өнөөдөр энэ үнэлгээний тогтолцоо өмнөх шигээ үр дүнтэй байхаа больж байна.

Бичгийн даалгаврын эцсийн бүтээлийг шалгах нь дангаараа хангалтгүй болсон учраас тухайн бүтээлийг хэрхэн боловсруулж, бий болгож буй үйл явцад анхаарах нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, оюутны бүтээл хийх явцыг хянахын зэрэгцээ зөвлөж, дэмжиж ажиллах шаардлагатай болж байна.

-Монголын оюутнууд ChatGPT-ийг зөв ашиглахын тулд ямар чадвар эзэмших хэрэгтэй гэж та харж байна вэ?

Би хэл шинжлэлийн профессор хүний хувьд хэл, найруулгын талаас нь авч үзвэл ChatGPT-ийг зөвхөн мэдлэг, мэдээлэл авах хэрэгсэл болгож ашиглах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай гэж хүсэж байна.

Ярианы болон бичгийн чадвараа сайжруулахын тулд чатботыг ашиглаж яагаад болохгүй гэж? Өөрийгөө хөгжүүлж, сайжруулахын тулд хиймэл оюуны боломжийг аль болох бүрэн ашиглах нь зөв гэж би бодож байна.

Хиймэл оюуныг хориглохоос илүү зөв ашиглахад сургах шаардлагатай

Хиймэл оюун ухааныг боловсролд хэрхэн зөв ашиглах асуудал зөвхөн багш, оюутны түвшинд бус боловсролын бодлогын түвшинд ч яригдаж байна. Энэ талаар МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга Э.Азжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Хиймэл оюун ухааныг сургалтад хэрхэн ашиглах вэ гэдгийг зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий нийт боловсролын бодлого, үзэл баримтлалдаа дахин тодорхойлох шаардлагатай. Одоогоор сурагч, оюутан хичээлийн даалгавраа өөрөө хийсэн үү, эсвэл хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн үү гэдгийг багш нар ялгахад хүндрэлтэй байна.

Тиймээс хиймэл оюуныг хориглох эсвэл зөвшөөрөхөөс илүүтэйгээр хэрхэн зохистой, хариуцлагатай ашиглах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хиймэл оюун ухаанаас бэлэн мэдээлэл авч ашиглах бус, түүнийг хэрхэн боловсруулах, бүтээлч чадвараа хөгжүүлэхэд ашиглах, багшийн ажлын ачааллыг бууруулах, хичээл төлөвлөлт, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад хиймэл оюуныг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар бодлогын түвшинд дахин тодорхойлох хэрэгтэй байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ1 цаг 13 минутын өмнөХүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ1 цаг 13 минутын өмнөMеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна1 цаг 17 минутын өмнө30 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ1 цаг 17 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов1 цаг 19 минутын өмнөЗарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна1 цаг 19 минутын өмнө"Сурагчдын гэрээс сургууль хүртэл аюулгүй зорчих орчныг бүрдүүлнэ"1 цаг 41 минутын өмнөКарин Питтнер: ChatGPT-ийг мэдлэг, мэдээлэл авах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай1 цаг 42 минутын өмнөБ.Мөнхжаргал: Зээл нь өөрөө зорилго биш, харин бизнесээ өсгөх хэрэгсэл гэдгийг ойлгох нь чухал1 цаг 52 минутын өмнөАЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.