МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болж байна.
Уг үзэсгэлэнг “Найртай сайхан” хэмээн нэрлэсэн нь зөвхөн үзэсгэлэнгийн нэр бус, үзэгчдэд хүргэхийг зорьж буй үндсэн санааг илэрхийлж буй юм. Хүмүүс бие биедээ илүү найрсаг, илүү дулаан сэтгэлээр хандаж, энгийн атлаа сайхан харилцааг эрхэмлэн амьдраасай гэсэн хүсэл, ерөөлийг энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан уран бүтээлчид илэрхийлэхийг зорьжээ.
Үзэсгэлэнг 8 дугаар сард зохион байгуулж буй нь ч учиртай. Энэ үед Монгол Улсад дотоод, гадаадын олон жуулчин, зочин хүрэлцэн ирдэг бөгөөд тэд Монголын дүрслэх урлагийн музейг үзэхийн зэрэгцээ тус үзэсгэлэнгээр зочлох боломжтой юм.
Тиймээс Монгол оронд хүрэлцэн ирсэн хүн бүрийг “Найртай сайхан” үзэсгэлэнгээрээ угтан авч, Монголын дүрслэх урлаг, өв соёлыг мэдэрч, сэтгэлээ баясган, сайхан дурсамжтай буцаасай гэсэн чин сэтгэлийн хүсэл, ерөөлийг энэхүү нэрэндээ шингээсэн байна.
МУЭ-ийн гишүүн, Монгол зургийн зураач Ш.Баатар, “Энэхүү үзэсгэлэн нь Б.Шатарсайхан бид хоёрын хамтарсан гурав дахь удаагийн үзэсгэлэн юм. Хэдийгээр бид өөр өөрийн гэсэн өнгө төрх, уран бүтээлийн арга барилтай ч энэ удаагийн үзэсгэлэнгээрээ нэгэн ижил утга санаа, үзэл санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон. Би уран бүтээлдээ монголын ахуй амьдрал болон малчин түмний өдөр тутмын амьдрал, үндэсний өв соёл, түүхэн сэдэв зонхилон тусгадаг” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр “Энэ удаагийн үзэсгэлэнгийн ноён нуруу болсон хоёр томоохон бүтээл бий. Эхнийх нь “Богд хаант Монгол Улс” нэртэй зураг. Энэхүү бүтээлдээ VIII Богдын үед намрын улиралд зохион байгуулдаг байсан төр, шашин, ард түмний баяр ёслолын чухал үйл явдлыг нэгэн дор зангидан дүрсэлсэн. Тухайн цаг үеийн зан заншил, ёслолын дэг жаяг, түүхэн уур амьсгалыг уран бүтээлдээ шингээсэн. Нөгөө бүтээл нь “Намар” нэртэй зураг. Энэ бүтээлд намрын улиралд өрнөдөг монголчуудын ахуй амьдрал, баяр ёслол, наадам, сур харваа, цамын бүжиг, шашны зан үйл зэрэг үндэсний өв соёлын олон өнгө төрхийг нэгэн цогц болгон харуулсан.
Өнөөдөр наадмыг өөр хэлбэрээр зохион байгуулж байгаа ч өнгөрсөн үеийн уламжлал, өв соёлоо санан дурсаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж үздэг. Мөн эх орон, газар нутаг, Монгол хүн, Монгол Улсын үнэт зүйлсийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг хамгийн эрхэм зорилгоо гэж боддог. Бид дэлхийд юугаараа онцгой байх ёстой вэ, юуг хайрлан хамгаалж, хэрхэн хөгжүүлэх ёстой вэ гэсэн асуултыг бүтээл бүрээрээ хөндөхийг зорьдог” гэв.
МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайхан, “Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Ш.Баатар эгчтэйгээ хамтран бүтээсэн хонины ноосоор урласан эскиз зургууд юм. Эдгээр бүтээл үзэсгэлэнд маань шинэ өнгө төрх, өвөрмөц шийдэл нэмж, онцгой уур амьсгал бүрдүүлж байна.
Миний хувьд график зургийн мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, зураасан зураг болон бар зургийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж ирсэн. График урлаг нь модон, хулдаасан, төмөр бар зэрэг олон төрөлтэй бөгөөд би голчлон модон бар, хулдаасан барын бүтээлүүдийг хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд чимэглэх уран зурагт илүү төвлөрөн ажиллаж, уран бүтээл маань энэ чиглэлээр улам бүр хөгжиж байна. Уран бүтээлээрээ хүний дотоод ертөнц, сэтгэл хөдлөл, амьдралын баяр баясгалан, мэдрэмжийн олон өнгийг дүрслэн илэрхийлэхийг зорьдог. Миний хувьд өнгө бол зөвхөн гоёл чимэглэл биш, харин хүний сэтгэл, мэдрэмжийг өгүүлдэг нэгэн хэл юм. Миний бүтээлүүдийн гол сэдэв бол хүний дотоод сэтгэл. Хүн үргэлж баяртай, эсвэл үргэлж гунигтай байдаггүй. Амьдралын янз бүрийн мөч, сэтгэлийн олон өнгө аясыг тухайн агшны мэдрэмжээрээ бүтээлдээ шингээхийг боддог. Ихэнхдээ би өнгөлөг бүтээл туурвидаг. Гэхдээ тэр өнгийг зөвхөн баяр баясгалангийн илэрхийлэл гэж ойлгоосой гэж хүсдэггүй. Харин өнгөний цаана юу нуугдаж байна вэ, зураач юуг илэрхийлэхийг зорьсон бол, энэ бүтээл ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэсэн асуултыг үзэгч өөрөөсөө асуугаасай гэж хүсэж байна” гэв.
Тус үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих