Чөлөөт бөхийн 17 хүртэлх насны /U17/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна.
Уг тэмцээнд Монгол Улсаас оролцсон эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Б.Ариунзул өчигдөр аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Абдималик Айшаг 4:0-ээр буулган авч, U17 насны дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр тэмцээний эхний даваанд Украины Бухтина Иринаг 5:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзодаг 11:0-ээр илт давуу ялсан юм. Харин хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялснаар аваргын төлөө шалгарч, улмаар шигшээ барилдаанд ялалт байгуулан дэлхийн аварга цолыг хүртлээ.
Б.Ариунзул бөхийн спортын гараагаа “Төгс” дэвжээнд, дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын шавиар эхлүүлсэн, өдгөө Спортын төв сургуулийн багш, дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Сэтгэгдэл бичих