Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн даргын газарт нийт 4,127 оролцогч Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулах COP17 бага хуралд оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт бүртгэсэн оролцогчдын тоо 2,836 байсан бол долоо хоногийн хугацаанд 1,000 гаруйгаар өсжээ. Өмнө нь зарим дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын мэдээлсэн 2.800 орчим оролцогчтой гэсэн тоо нь тухайн үеийн бүртгэлийн мэдээлэл байсныг Үндэсний хорооны Ажлын албанаас тодотгов.
Бага хурал эхлэх хугацаа ойртохын хэрээр оролцогчдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь төлөөлөгчид бүртгэлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн даргын газарт албан ёсоор хийдэг бөгөөд бүртгэлийн шинэчилсэн мэдээллийг тус байгууллагаас Монголын талд тогтмол ирүүлдэг байна.
Өнөөдрийн байдлаар бүртгэсэн 4.127 оролцогчийн бүрэлдэхүүн дараах байдалтай байна.
- Гишүүн орнуудын төлөөлөгч-1.137
- Ажиглагч байгууллагын төлөөлөгч-2.100
- Дээд түвшний төлөөлөгч-112
- Бусад ангиллын оролцогч-763
Мөн өндөр түвшний төлөөлөгчдийн бүртгэлд:
- Шадар сайдын түвшний 1 төлөөлөгч
- Байгаль орчин болон бусад салбарын сайдын түвшний 66 төлөөлөгч
- Дэд сайдын түвшний 29 төлөөлөгч
- Ерөнхийлөгч асан 4 хүн
- НҮБ-ын агентлагуудын удирдах түвшний 5 төлөөлөгч
- Олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэд ерөнхийлөгчийн түвшний 5 төлөөлөгч оролцохоо албан ёсоор баталгаажуулаад байна.
Түүнчлэн БНСУ, Бүгд Найрамдах Коста Рика Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан төрийн тэргүүнүүд COP17 бага хуралд оролцохоо албан ёсоор мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих