НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын /UNCCD/ Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц нь дэлхийн 196 улс болон Европын Холбоо нэгдэн орсон, нийт 197 талтай олон улсын конвенц бөгөөд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, хуурай газрын тогтвортой менежментийг дэмжих зорилготой. Монгол Улс COP17-ыг зохион байгуулах эрхээ 2022 онд Бүгд Найрамдах Кот-д’Ивуар Улсад болсон COP15 талуудын бага хурлын үеэр гишүүн орнуудын 100 хувийн саналын дэмжлэгээр авсан юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, “COP17-ын үеэр улс орнуудын нийт найман санал, санаачилгыг хэлэлцэх бөгөөд үүний гурав нь Монгол Улсын дэвшүүлж буй санал, санаачилга байна. “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г /Steppe Action Agenda/ санаачлан дэвшүүлж, дараах гурван чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилга нь тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа” гэв.
COP17 яагаад чухал вэ?
- Дэлхийн хуурай газрын ойролцоогоор 40 хувь нь хуурай бүс нутаг бөгөөд эдгээр бүсэд 2 тэрбум гаруй хүн амьдарч байна.
- Газрын доройтол нь дэлхийн хүн амын бараг тал хувийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, экосистемд шууд нөлөөлж байна.
- Цөлжилт гэдэг нь зөвхөн “элс нүүх” үзэгдэл биш бөгөөд хуурай, хагас хуурай болон хуурайдуу бүс нутагт газрын үржил шим, бүтээмж доройтох үйл явц юм.
- Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ихэнх хувь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртсөн тул энэхүү бага хурал нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих