Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.07.19-2026.07.26)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 10.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 4.7 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Би Ди Сек ХК, Инвескор ББСБ ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан Банк ХК, болон Голомт Банк ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа.
Энэ хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа хийгдсэн. Үүнд:
- Би Ди Сек ХК (BDS) – 325,464 ширхэг үнэт цаасыг нэгжийн 1,266 үнээр, нийт 412.0 сая төгрөгөөр;
- Инвескор ББСБ ХК (INV) – 39,225 ширхэг үнэт цаасыг нэгжийн 7,650 үнээр, нийт 300.1 сая төгрөгөөр;
- Инвескор ББСБ ХК (INV) – 84,510 ширхэг үнэт цаасыг нэгжийн 10,650 үнээр, нийт 900.0 сая төгрөгөөр;
- Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) – 193,814 ширхэг үнэт цаасыг нэгжийн 3,000 үнээр, нийт 581.4 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.
Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 2.02%-иар, MSE A индекс 1.43%-иар тус тус өссөн бол MSE B индекс 0.73%-иар, FTI индекс 0.51%-иар буурчээ.
Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч болон томоохон компаниудын хувьцаанд худалдан авах сонирхол харьцангуй хүчтэй байсан бол жижиг, дунд ангиллын хувьцаанд борлуулалтын дарамт нэмэгдсэнээр ханш холимог хөдөлгөөнтэйгээр хаагдлаа. Харин FTI индекс 0.51%-иар буурч, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ бага зэрэг суларсныг харууллаа.
ХАСБАНК ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ДАХИН ХЭРЭГЖҮҮЛНЭ
ХасБанк ХК нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө дахин хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрийг 2024 онд эхлүүлсэн бөгөөд Монголбанкны зөвшөөрөл болон ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны 7 дугаар сарын 23-наас эхлэн дахин 12 сарын хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эргүүлэн худалдан авах ажиллагаа нь Монголын хөрөнгийн биржээр дамжин нээлттэй зах зээл дээр хэрэгжих бөгөөд нийт 7.5 сая хүртэлх ширхэг хувьцааг нэгж бүрийг 1,200 төгрөгөөс хэтрэхгүй үнээр худалдан авахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 9.0 тэрбум төгрөг хүртэл байх ба 2027 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй байна.
Хөтөлбөр нь төлөвлөсөн хувьцааны тоо бүрэн худалдан авагдах эсвэл төсөвлөгдсөн санхүүжилтийн хэмжээ бүрэн ашиглагдсан тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болох боломжтой юм.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨССӨӨР БАЙНА
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2026 оны эхний 6.5 сард 17.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 35.9%-иар өссөн байна. Үүнээс экспорт 57.5%, импорт 10.5%-аар тус тус өсчээ. Худалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өссөн байна.
Экспортод зэсийн хүдэр, баяжмал тэргүүлж, үнийн дүн 4.9 тэрбум доллар (+93%) болов. Чулуун нүүрсний экспорт 4.2 тэрбум доллар (+57%), самнасан ноолуур бараг 2 дахин өсч 124.8 сая доллар болсон байна. Алт үнийн дүнгээрээ тогтвортой байгаа боловч экспортлосон хэмжээ буурсан үзүүлэлттэй гарчээ.
Импортод дизель түлш 976.9 сая доллар (+50.5%), автобензин 376.0 сая доллар (+23%) болж нэмэгдсэн бол суудлын автомашины импорт 553.8 сая доллар (-22.6%) болж буурчээ.
Уул уурхайн экспорт, ялангуяа зэс, нүүрс, ноолуурын хүчтэй өсөлт нь Монголын худалдааны тэнцлийг түүхэн өндөр түвшинд гаргалаа. Импортын өсөлт голчлон шатахуунаар хязгаарлагдаж, харин автомашин, будааны импорт буурсан нь хэрэглээний зарим ангиллын сулралтыг харуулав.
ЗГДҮЦ-НЫ ДАРААГИЙН АРИЛЖААНУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар Засгийн газрын 5 жилийн купонтой болон 52 долоо хоногийн хямдруулалттай үнэт цаас амжилттай арилжаалагдаж, хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн ба үлдсэн арилжаанд MICC-ээр дамжуулан оролцох боломжтой юм.

Сэтгэгдэл бичих