Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ


7-р сарын 27
17 цаг 16 минут

 Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.07.19-2026.07.26)

 НЕФТИЙН ҮНЭ ӨСӨЖ, ЗАХ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙГ АЖИГЛАЖ БАЙНА

Долдугаар сарын 23-нд Brent төрлийн газрын тосны үнэ ойролцоогоор 7%-иар өсөж, нэг баррель нь 100 ам.долларт хүрсэн нь тавдугаар сарын 22-ноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. Үнийн огцом өсөлтөд Йемений Хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист Саудын Арабын хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан тухай мэдээлэл, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг "томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулах боломжийг хэлэлцэж байна" хэмээн мэдэгдсэн нь голлон нөлөөлөв.

Нийлүүлэлтийн эрсдэлийг Казахстаны шийдвэр мөн нэмэгдүүллээ. Тус улс дроны халдлагын дараа Каспийн хоолойн консорциумын (CPC) терминалаар дамжих газрын тосны экспортоо түр зогсоосон нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн тасалдлын талаарх болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ.

Газрын тосны үнэ долоо хоногийн эхнээс өсөх хандлагатай байсан бөгөөд даваа гарагт ойролцоогоор 87 ам.доллар байсан Brent төрлийн газрын тос лхагва гараг гэхэд 94 ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, гал зогсоох хэлэлцээ ахицгүй байсан нь үнийн өсөлтийг дэмжсэн юм.

Өнгөрсөн сарын АНУ-ын инфляцын тайланд шатахууны үнэ буурсны нөлөөгөөр инфляц харьцангуй саарсан үзүүлэлт гарсан. Харин газрын тосны үнэ дахин өсөж буй нь 7 дугаар сарын инфляцын үзүүлэлт хүлээлтээс өндөр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж энэ оны хамгийн өндөр түвшинд хүрэв. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.66%-д хүрсэн бол 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5%-иас дээш түвшинд 27 дараалсан арилжааны өдөр хадгалагдсан нь 2007 оноос хойших хамгийн урт хугацааны үзүүлэлт болж байна.

Холбооны Нөөцийн Сангийн зарим албан тушаалтнууд, тэр дундаа Захирагч Кристофер Уоллер, эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг цаашид нэмэгдүүлбэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бус, бодлогын хүүг дахин өсгөх шаардлага үүсч болзошгүй гэдгийг онцолсон байна.

ХИЙМЭЛ ОЮУНД ОРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙН ТАЛААРХ БОЛГООМЖЛОЛ НЭМЭГДЭВ

Alphabet болон Tesla компаниуд долдугаар сарын 22-ны арилжаа хаагдсаны дараа 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Alphabet-ийн орлого, ашиг зах зээлийн хүлээлтээс давсан ч компани хиймэл оюуны (AI) дэд бүтцэд хийх 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өмнөх 180–190 тэрбум ам.доллар байсныг 195–205 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлснээ зарлав.

 Харин Tesla-ийн улирлын ашиг зах зээлийн төсөөллөөс доогуур гарсан бөгөөд тайлант хугацаанд автомашины нийлүүлэлт өндөр байсан ч хоёр компани хоёулаа улирлын чөлөөт мөнгөн урсгал (free cash flow)-ын сөрөг үзүүлэлт тайлагнажээ.

 Үүний дараа долдугаар сарын 23-ны арилжаагаар хөрөнгө оруулагчид хоёр компанийн хувьцааг эрчимтэй худалдаж, Alphabet-ийн хувьцаа 6.5%-иар, Tesla-ийн хувьцаа 14%-иар тус тус буурлаа. Мөн AI-д өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй Meta, Microsoft, Amazon зэрэг томоохон технологийн компаниудын хувьцааны ханш ч мөн буурч, Nasdaq Composite индекс 2.15%-иар унасан байна. 

Энэхүү бууралт нь хиймэл оюуны хөгжүүлэлтэд зарцуулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт урт хугацаанд хангалттай өгөөж бий болгож чадах эсэх талаарх хөрөнгө оруулагчдын эргэлзээг илэрхийлж байна. АНУ-ын хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компаниудын индекс 2025 оны дөрөвдүгээр сард тарифын бодлогын нөлөөгөөр зах зээл огцом унаснаас хойших хамгийн их нэг өдрийн уналтаа бүртгэсэн байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

7 дугаар сарын 20–24-ний хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлд газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давсан, мөн Alphabet болон Tesla компанийн санхүүгийн тайлангийн дараа хиймэл оюуны (AI) салбарын өндөр хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

 Зах зээл долоо хоногийн дунд үед өсөлт үзүүлсэн ч пүрэв гарагт технологийн хувьцааны огцом уналтаар эргэн буурч, баасан гарагт Азийн зах зээлүүдэд дарамт үргэлжилсэн бол АНУ болон Европын зах зээлүүд тогтворжих, хэсэгчлэн сэргэх төлөв ажиглагдлаа.

 АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: -0.61%      

Dow Jones: -0.38%

Nasdaq: -2.13%

АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш савлагаатай байлаа. Даваа гарагт газрын тосны үнэ өссөнөөр индексүүд бага зэрэг буурсан бол мягмар гарагт хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны өсөлт гурван үндсэн индексийг бүгдийг нь дээш татав. Лхагва гарагт газрын тосны үнэ нэг сарын дээд түвшинд хүрсний дараа S&P 500 болон Dow Jones бараг өөрчлөлтгүй хаагдсан бол Nasdaq буурлаа. Пүрэв гарагт Alphabet AI-д хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө нэмэгдүүлж, Tesla хүлээлтээс доогуур ашиг тайлагнасны дараа технологийн хувьцаанууд огцом унаж, Nasdaq нэг өдрийн дотор 2.15%-иар буурсан байна. Баасан гарагт Dow Jones болон S&P 500 бага зэрэг сэргэж тогтворжсон бол Nasdaq дахин сул үзүүлэлттэй хаагджээ.

 ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: +1.28%

STOXX Europe 600: +0.46%

DAX 40: +1.08%

CAC 40: +0.40%

Европын хөрөнгийн зах зээл долоо хоногийн ихэнх хугацаанд тогтвортой өсөлттэй байсан ч пүрэв гарагт буурав. Даваа гарагт хөрөнгө оруулагчид газрын тосны үнийн өсөлт болон Ойрх Дорнод дахь дипломат нөхцөл байдлыг ажигласнаар индексүүд бараг өөрчлөлтгүй хаагдсан. Мягмар гарагт технологи болон уул уурхайн салбарын хувьцааны өсөлт зах зээлийг дэмжсэн бол АНУ Ираны эсрэг шинэ цохилт өгсний дараа газрын тосны үнэ үргэлжлэн өссөн байна. Лхагва гарагт эрчим хүч, батлан хамгаалахын салбарын хувьцааны өсөлтөөр индексүүд хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрсэн бол АНУ-ын технологийн компаниудын тайлангийн өмнө технологийн хувьцаанууд бага зэрэг суларчээ.

 АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: +0.97%  

KOSPI: -1.90%

CSI 300: -2.61%

SSEC: +1.33%

Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш холимог гүйцэтгэлтэй байлаа. Япон улсын зах зээл даваа гарагт бүх нийтийн амралтын өдөртэй холбоотойгоор хаалттай байсан бөгөөд мягмар гарагт дахин нээгдэхэд Nikkei 225 индекс 3.26%-иар, БНСУ-ын KOSPI индекс мөн хүчтэй өссөн нь өмнөх долоо хоногийн уналтын дараах худалдан авалт эрчимжсэнтэй холбоотой байв. Лхагва гарагт Уолл Стритийн өмнөх өдрийн өсөлтийг даган Азийн ихэнх зах зээлүүд өссөн ч Nikkei өдрийн эхний өсөлтөө хадгалж чадалгүй бага зэрэг буурч хаагджээ. Пүрэв гарагт Японы хагас дамжуулагч болон AI-тэй холбоотой хувьцаанд эрэлт нэмэгдсэнээр Nikkei 225 0.46%-иар, БНСУ-ын KOSPI 4.4%-иар өсөв. Харин баасан гарагт АНУ-ын зах зээлийн огцом уналт болон газрын тосны үнэ 100 ам.долларыг давсны дараах эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж, Азийн зах зээлүүд өргөн хүрээнд буурсан бөгөөд KOSPI 5%-иас дээш, Nikkei 225 2%-иас дээш унасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ1 цаг 20 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.1 цаг 21 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ1 цаг 22 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа1 цаг 24 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ1 цаг 25 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ1 цаг 30 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг1 цаг 31 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно1 цаг 32 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна1 цаг 32 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна1 цаг 34 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв1 цаг 35 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ1 цаг 35 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.