Монголбанкны судлаачид Бэлэн мөнгөний хэрэглээний түүвэр судалгаа хийжээ.
Судалгаагаар манай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийж байгааг тогтоосон байна. Харин олон улсад энэ үзүүлэлт 46 хувь байдаг. Газар нутгийн байршлаар харвал хөдөө бэлэн бус гүйлгээг суурин газруудынхаас илүү хийсэн байна. Энэ нь бэлэн мөнгийг хадгалах, тээвэрлэхэд төвөгтэй байдагтай холбоотой гэж судлаач Ц.Цэрэндаваа, Д.Золбоо үзжээ.
Бэлэн бус төлбөрийн 97 хувийг банкуудын аппликэйшн ашиглаж хийсэн байна. Бэлэн бус төлбөр тооцоо цаг хэмнэдэг давуу талтай боловч ахмадууд, банканд дансгүй иргэдэд хүндрэл үүсгэх, эдгээр бүлэг технологийн шинэчлэлээс орхигдох сөрөг талтай.
Манай улсад насанд хүрсэн нийт иргэдийн 98 хувь нь банкны данстай байна. Энэ үзүүлэлт мөн л олон улсын дунджаас өндөр байдаг гэв.
Судалгааны үр дүн
Бэлэн мөнгө нь бага дүнтэй, өдөр тутмын төлбөр тооцоонд чухал үүрэгтэй хэвээр байна. Иргэдийн 28 хувь нь огт бэлэн мөнгө авч явдаггүй боловч медиан утгаар иргэд өдрийн эхэнд 10,000 төгрөг авч явж, АТМ, КИОСК-оос 20,000 төгрөгийн бэлэн мөнгө нэмж татан авч, өдөртөө 16,000 төгрөгийг бэлнээр зарцуулан, өдрийн эцэст дунджаар 14,000 төгрөг үлддэг байна.
Нийт төлбөр тооцооны тооны дунджаар 27 хувийг, дүнгийн 18 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд тэтгэврийн насныхан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд бэлэн мөнгөний хэрэглээ харьцангуй өндөр байна. Гэсэн хэдий ч бэлэн мөнгө огт ашигладаггүй болон маш ховор ашигладаг иргэдийн эзлэх хувь өндөр байгаа нь бэлэн мөнгө нь үндсэндээ жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрч буйг харуулав.
Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 84 хувь нь бэлэн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь тэдний сонголтоос илүүтэй хэрэглэгчдийн төлбөрийн зан төлөвтэй холбоотой байна. Кассандаа бэлэн мөнгө байршуулдаг бизнесүүдийн медиан үлдэгдэл ойролцоогоор 500,000 төгрөг бөгөөд борлуулалтын орлогынхоо 25 хувиас бага хэсгийг бэлэн мөнгөөр хүлээн авдаг ажээ.
Мөнгөн дэвсгэртийн хэрэглээний хувьд иргэд болон бизнес эрхлэгчдийн дунд 20,000, 10,000, 5,000 төгрөгийн дэвсгэртүүд хамгийн өргөнөөр ашиглагддаг бол 1 болон 5 төгрөгийн дэвсгэртүүд бараг ашиглагдахгүй болжээ.
Эдгээр үр дүн нь Монгол Улсад бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслүүд зэрэгцэн оршиж буй өнөөгийн нөхцөлд мөнгөн тэмдэгтийн бүтэц, дэвсгэртийн бодлого болон бэлэн мөнгөний дэд бүтцийг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Худалдаа наймаа эрлэгчдийн 16 хувь нь бэлэн мөнгө ашигладаггүй, хүлээн авдаггүй гэж хариулжээ. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар төгрөгийг төлбөр тооцоонд ашиглаж болно. Гэвч даатгалын компаниуд, авто машин борлуулагчид, автобусаар тээврийн үйлчилгээ эрхлэгчид бэлэн мөнгө авдаггүй. Төлбөрийг заавал картаар хийх эсвэл данс руу шилжүүлэхийг хэрэглэгчдээс шаардаж, хууль зөрчиж байна.

Сэтгэгдэл бичих