Саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг АНУ-д 62 сая 800 мянган хүн телевизээр үзсэн нь тус улсын хувьд хөл бөмбөгийн тэмцээний шууд дамжуулалтын түүхэн дэх дээд үзүүлэлт боллоо. Энэ тухай Axios цахим хуудсанд мэдээлсэн байна
Үүнээс 39 сая хүн финалын шууд дамжуулалтыг телевизийн Fox Sports сувгаар үзсэн нь 2022 оны ДАШТ-ий финалтай харьцуулахад 132 хувиар өссөн байна. Мөн 24 сая орчим хүн испани хэлээр нэвтрүүлгээ цацдаг телевизийн Telemundo сувгаар Испани-Аргентины тоглолтыг үзсэн нь 4 жилийн өмнө Катарт болсон ДАШТ-ий финалтай харьцуулахад даруй 1.5 дахин өссөн тоо юм.

Axios цахим хуудсанд дүгнэн бичсэнээр, эдгээр рекорд үзүүлэлт нь АНУ-д хөл бөмбөгийн спорт улам өргөжин хөгжиж буйг харуулж байгаа бөгөөд цаашдаа тэмцээнүүдийг шууд дамжуулан нэвтрүүлэх эрхийн төлбөр нэмэгдэхэд хүргэнэ. Харьцуулахад, 20 жилийн өмнө Германд болсон ДАШТ-ий Итали-Францын финалын тоглолтыг 17 сая америкчууд үзсэн нь ДАШТ-2026-тай харьцуулахад 3 дахин цөөн байгаа юм.
Түүнчлэн энэ удаагийн ДАШТ-ий хоёр тоглолтыг 30 саяас дээш тооны хүн, 5 тоглолтыг 20 саяас дээш, 11 тоглолтыг 15 саяас дээш тооны хүн тус тус үзсэн байна.
FOX, FS1, Tubi сувгуудаар шууд дамжуулсан 104 тоглолтыг дунджаар 7.7 сая хүн үзсэн нь ДАШТ-2022-той харьцуулахад 122 хувиар, ДАШТ-2018-тай харьцуулахад 179 хувиар илүү олон байна.

Сэтгэгдэл бичих