Дундговь аймагт малын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч гүний худгийн усан хангамжийн хүртээмж алслагдсан бэлчээрийн бүсэд тулгамдсан хэвээр байна.

Говийн бүсийн онцлогоос шалтгаалан малчид жилийн дөрвөн улиралд гүний худгийн усаар малаа ундаалсаар ирсэн. Зуны ган, халуун үргэлжилсэн жилүүдэд газрын доорх усны түвшин буурч, ундарга суларснаар ус тогтохыг хэдэн цаг, заримдаа бүтэн хоногоор хүлээх шаардлага гардгийг малчид хэлдэг. Нэг худгийг хэд хэдэн өрх ээлжлэн ашиглаж, ус хүрэлцэхгүй бол малаа олон километр тууж, өөр худгийг зорих тохиолдол ч цөөнгүй байдаг байна.
2025 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр аймагт 3 сая 547.7 мянган толгой мал тоологдож, өмнөх оноос 162.3 мянган толгой буюу 4.8 хувиар өссөн байна. Нэг талаасаа малчдын амжиргаа дээшлэх боломж боловч нөгөө талаасаа худаг ус, бэлчээрийн хувьд асуудал болж эхэлжээ.
Улсын хэмжээнд мал ундаалах зориулалттай 62,500 худаг тоологдсоны дотор Дундговь аймгийн хувь мэдэгдэхүйц бага байгаа нь аймгийн усны дэд бүтцийн ачааллыг харуулж байна.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын судалгаагаар усан хангамж хүрэлцээгүй бүсэд мал тодорхой газарт хэт төвлөрч, бэлчээрийн доройтол эрчимждэг бол эх үүсвэрийг оновчтой нэмэгдүүлснээр малын тархалт жигдэрч, ачааллыг бууруулах боломжтой гэж дүгнэжээ.
Сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн санхүүжилтээр шинэ худаг гаргах, ашиглалтаас гарсан худгийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа ч хүртээмжийн асуудал тулгамдсан хэвээр байна.
Шинэ худаг гаргах нь дангаараа шийдэл биш гэдгийг Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны мэргэжилтэн Т.Эрдэнэзаяа хэллээ. Гидрогеологийн судалгаагүйгээр нэмэлт худаг гаргах нь газрын доорх усны нөөц хомсдох, ундарга сулрах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Аймгийн зарим гүний худгийн усанд фторын агууламж ундны усны стандартаас давсан үзүүлэлт илэрсэн нь чанарын тогтмол хяналт шаардлагатайг харуулсан юм.
Ашиглалтаас гарсан худгийг сэргээн ашиглах, байршлыг гидрогеологийн судалгаанд суурилан төлөвлөх, газрын доорх усны нөөцийг хамгаалах нь говийн бүсийн усны аюулгүй байдал, мал аж ахуйн тогтвортой хөгжлийн урт хугацааны шийдэл болохыг салбарынхан онцоллоо.

Сэтгэгдэл бичих