Ирантай хийж буй дайнд АНУ 37.5 тэрбум долларыг хэдийн зарцуулаад байгаа тухай Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Сенатын гишүүдэд мэдээлэл өгөх үеэрээ дурдав. Энэ тухай Вашингтон дахь Kazinform агентлагийн сурвалжлагч Military Times цахим хуудаснаас эш татан мэдээллээ.
Сайд П.Хегсет, Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Жон Кейн нар Сенатын төсвийн хороонд мэдээлэл өгөх үеэрээ дайныг үргэлжлүүлэх болон сум хэрэгсэл, дрон худалдан авах, хуурай замын ба Үндэсний гвардын цэргийг өмнөд хил рүү болон Вашингтон руу илгээх зэрэг бусад зардалд 67.1 тэрбум доллар нэмж төсөвлөхийг хүссэн байна.
Өнгөрсөн онд хүлээн авсан 156 тэрбум доллароос 75 тэрбум нь БХЯ-ны дансанд байгааг харгалзан үзсэн сенатчид яаралтай хүсэлтийн тухайд үл итгэх тээнэгэлзсэн байр сууриа илэрхийлжээ. Вашингтоноос сонгогдсон Сенатын гишүүн Пэтти Мюррей хэлэхдээ, БХЯ өнгөрсөн онд 1 их наяд гаруй доллар авсан бол энэ онд 1.3 их наяд долларын хүсэлт гаргасныг харгалзан үзээд төсвийн хороо дайныг санхүүжүүлэх шийдвэр гаргахгүй гэлээ.
Дээрх хүсэлтэд дурдсанаар, сум хэрэгсэлд 21 тэрбум, ажиллагааны зардалд 17.3 тэрбум, нууц хөтөлбөрүүдэд 12.1 тэрбум, кибер аюулгүй байдалд 5.1 тэрбум, дрон худалдаж авахад 2.4 тэрбум, бэлэн байдлыг хангахад 1.7 тэрбум, түлш шатахуунд 1.5 тэрбум, захиргааны ба Үндэсний гвардыг дэмжих зардалд 2 тэрбум доллар төсөвлөхийг хүсжээ.
Мягмар гаргийн байдлаар, Ираны эсрэг дайны явцад Америкийн цэргийн 447 албан хаагч шархадсан байна. 7 дугаар сарын 7-наас хойш Ойрх Дорнод дахь Америкийн цэргийн баазууд руу хийсэн Ираны цохилтод өртөн 100 орчим цэрэг шархаджээ.

Сэтгэгдэл бичих