Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.
Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн шинжилгээгээр өвчтөний булчирхайн шүүдэсний сорьцод тарваган тахлын үүсгэгчийн өвөрмөц ген илэрсэн бөгөөд оношийг баталгаажуулах нян судлалын шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Одоогоор нэгдүгээр хавьтлын 10 гаруй иргэнийг тогтоон тусгаарлаж, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээг эхэлжээ.
Өвчтөний биеийн байдал тогтвортой бөгөөд баталсан зааврын дагуу эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж байна.
Шуурхай штабаас холбогдох байгууллагуудад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол түгээх чиглэл өгчээ.
Ховд аймаг нь тарваган тахлын байгалийн голомтот бүс нутаг тул иргэдэд тарвага агнахгүй, мах, эд эрхтнийг хэрэглэхгүй байх, үхсэн болон өвчилсөн тарвагад хүрэхгүй байх, халуурах, булчирхай цочиж томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулав.

Сэтгэгдэл бичих