Олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг ирэх наймдугаар сарын 1-нээс шинэчилж мөрдөнө.
- Шинэчилсэн тарифаар суудлын автомашины төлбөр 1000 төгрөгөөс 5000 төгрөг
- Ачааны автомашиных 10 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг тус тус нэмэгджээ.
Ингэхдээ тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран 2-3 дахин нэмэгдэхээр болжээ. Төлбөрийг нэмэгдүүлж буй нь авто замын засвар, арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Улсын хэмжээнд 8000 орчим км хатуу хучилттай авто зам ашиглагдаж байгаа бөгөөд замын сүлжээ, автомашины тоо жилээс жилд өсч байгаа ч засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгө хүрэлцдэггүй байна. Стандартаар хатуу хучилттай авто замд зургаан жил тутам ээлжит засвар, 13 жил тутам их засвар хийх ёстой.
Гэвч төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан шаардлагатай засвар, арчлалтыг хугацаанд нь хийж чаддаггүй бөгөөд зам барилгын материал, шатахууны үнэ 1.5 дахин өссөн нь зардлыг нэмэгдүүлжээ.
Энэ жилээс авто зам ашигласны төлбөрийг улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгээр авч байгаа.
Төлбөрийн нэхэмжлэлийг тээврийн хэрэгслийн эзэмшигчид цахимаар илгээх бөгөөд иргэд он дуустал хэсэгчлэн төлөх боломжтой. Харин төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 20 удаа нэвтэрсний дараагаас систем автоматаар хаагдаж, төлбөрөө төлсний дараа дахин зорчих боломжтой болно. Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэл, мөн онцгой байдал, түргэн тусламж, гал унтраах зэрэг шуурхай албаны автомашинууд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Энэ шинэчлэл нь Улаанбаатар хотын доторх хөдөлгөөнд хамаарахгүй бөгөөд зөвхөн олон улс болон улсын чанартай, орон нутгийн авто замд мөрдөгдөх юм.

Сэтгэгдэл бичих