Зуны улиралд нийслэлчүүдийн толгойн өвчин болдог асуудлын нэг нь үер усны гамшиг. Нийслэлд хэдхэн минут усархаг бороо ороход улсаараа усанд автах эрсдэлтэйг өнгөрсөн жилүүд харуулсан. Энэ жил ч мөн давтагдаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн шөнө орсон борооны улмаас хотын төв болон зах хэсэг усанд автаж, иргэд эд хөрөнгөөрөө хохироод байна. Энэ мэт Улаанбаатарт жаахан бороо ороход гудамж талбай битүү усаар дүүрч явган битгий хэл машинтай иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг нь бараг уламжлал болсон. Энэ нь борооны ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Аливаа эрсдэлийг урьтаж тооцоолж хэр зэрэг хохирол багатай даван туулах вэ гэдэг улс орны бэлэн байдлаас шалтгаалдаг. Нийслэлд жил бүр авто зам засаж шинэчилдэг ч үүнийг дагаад ус зайлуулах шугам хоолойг хийж өгдөггүй.
Өөрөөр хэлбэл, хатуу хучилттай нийт замын 70 орчим хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь хотыг усанд автах эрсдэлийг бий болгож байгаа юм.
2023 оны долдугаар сард дөрвөн хоног үргэлжлэн орсон борооны улмаас дунд гол үерлэж эргээ давснаар далан сэтэрч олон айл үерт автаж эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ нь Монголд 1966 оноос хойш тохиосон хоёр дахь том үер болсон гэж албаныхан тухайн үед мэдээлж байв. Тодруулбал, 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрсэн. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн байдаг.
Үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарсан. Мөн 2024 онд борооны улмаас Дарь-Эх орчмын айлууд үер автсан.
Жил бүр энэ нөхцөл байдал давтагддагийг нь мэдсээр байж арга хэмжээ авдаггүй дүлий төртэй байгаадаа гомдоод, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохироод суусаар байх уу. Ойр, ойрхон дарга цэрэг сольж, 100 хоногийн тайлан тавьж өнгө дүрс хоршсон ганган рийл шахаж байх зуур иргэд чинь улсаараа усанд автаад живж үхлээ эрх баригчдаа! Арга хэмжээ авч байгаа гэдэг ч нөгөөх нь иргэдийн амьдралд нөлөөлж үр дүнгээ өгч, нүдэнд харагддагүй. Дорвитой, бодитой ажил хийхгүй бол иргэд чинь өвөл утаанд, зун нь үерт автаад эд хөрөнгөөрөө хохирч, амь насаа алдаж дуусах нь.

Сэтгэгдэл бичих