УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "13 жил хүлээгдсэн, Ашигт малтмалын тухай хуулийг УИХ эцэслэн баталлаа. Манай улсад 2015-2024 оны хооронд нийт 99 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт орсны 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдсон. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогыг өөрчилнө.
Үүний “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт гэв" гэв.
Тэрээр хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэлийг 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болохыг дурдлаа. Үүнд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгожээ.
Хуулийн төсөлд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ гэх шинэ төрлийн гэрээ бий болгосон. Мөн баяжуулах үйл ажиллагааг хуулиар зохицуулах, уурхайн хаалт, санхүүжилтийн баталгаа бий болгох зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн гэв.
Эрэл хайгуулын гэрээ байгуулсан компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгох ба хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход тавих шаардлагыг сулруулжээ.
Энэ хуульд “ил тод байдал” гэдэг үг хоёр удаа, “нээлттэй байдал” гэдэг үг гурван удаа орсон. Тодруулбал “хайгуул, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа жил бүр нийтэд ил тод мэдээлнэ”, “геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ ил тод нээлттэй байна” гэжээ.
Мөн цацраг идэвхт ашигт малтмалын тодорхойлолтоос газрын ховор элементийн ордыг бүхэлд нь хассан байна. Ингэснээр газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нэг алхмаар ойртов.
Хуульд оруулсан бас нэг шинэ заалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгожээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгоно. Тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болох ч хайгуулын ажлаа гүйцэтгэлгүйгээр тусгай зөвшөөрлөө хадгалахад хүндрэлтэй буюу илүү үнэтэй байх зохицуулалтыг хийжээ.
Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуульд анх удаа тусгав.
Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдэд ихээхэн анхаарч байна. Засгийн газар чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж, дэлхийн чиг хандлагад нийцсэн бодлого тодорхойлох үүргийг хуульд нэмжээ.

Сэтгэгдэл бичих