Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ


6-р сарын 29
18 цаг 57 минут

Бие махбодын хөгшрөлт нь зөвхөн эрхтэн, эд эсийн түвшинд бус, эсийн доторх бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор эхэлдэг. Нас ахихын хэрээр эсүүдийн үйл ажиллагаа сулран, өвчинд өртөмтгий болж, үйл ажиллагаагаа аажмаар алддаг шалтгааныг тогтоохоор эрдэмтэд судалсаар байна.

 

Германы Фриц Липманы хүрээлэнгийн (FLI) эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар эсийг эрчим хүчээр хангадаг митохондрын үйл ажиллагаа нас ахих тусам хэрхэн мууддагийг тогтоожээ. Тэд туузан хорхой, хүний эд эсийн дээжид хийсэн шинжилгээгээр нас ахихын хэрээр эс дэх фосфатидилхолин хэмээх липидийн хэмжээ аажмаар буурдаг болохыг тогтоосон байна. Энэхүү бодис нь митохондрийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй аж.

 

Судлаачид туршилтынхаа явцад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглан фосфатидилхолины түвшнийг сэргээснээр митохондрийн үйл ажиллагааг илүү "залуу" шатанд нь эргүүлэн аваачиж болохыг харуулжээ. Судалгааны багийнхны хэлснээр, энэхүү липидийн нийлэгжилт буурах үйл явц нь өмнө нь төдийлөн анхааралд өртөж байгаагүй аж. Гэвч энэ нь хувьслын явцад митохондр хөгшрөх гол шалтгаан байсаар ирсэн бөгөөд хоолны дэглэмээ өөрчилснөөр уг дутагдлыг тодорхой хэмжээгээр нөхөх боломжтой байна.

 

Фосфатидилхолин нь митохондрыг хүрээлсэн мембраны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг ажээ. Түүний хэмжээ буурахад мембраны бүтэц алдагдаж, эсийн “эрчим хүчний станц”-ын ажиллагаа шууд сулардаг байна.

 

Туршилтын үеэр эрдэмтэд туузан хорхойн хоолонд фосфатидилхолин эсвэл хүний биед фосфатидилхолин болж хувирдаг холин хэмээх шим тэжээлийг нэмэхэд хоёр тохиолдолд хоёуланд нь митохондрийн бүтэц, үйл ажиллагаа харьцангуй залуужиж, үүргээ илүү сайн гүйцэтгэжээ. 

 

Хүний эдэд хийсэн шинжилгээгээр фосфатидилхолины түвшин багатай хүмүүсийн дунд таргалалт, чихрийн шижин илүү түгээмэл байжээ. Харин энэ липидийн хэмжээ өндөр хүмүүс хурдан алхах чадвартай, ой тогтоолтын үзүүлэлт илүү сайн байсан нь эрүүл хөгшрөлтийн шинж тэмдэг гэж судлаачид үзсэн байна.

 

Залуу, нас бие гүйцсэн, мөн хөгшин туузан хорхойг харьцуулан судлахад нас ахихын хэрээр фосфатидилхолин нийлэгжүүлэх үүрэгтэй уургийн нийлэгжилт буурдаг болох нь тогтоогджээ. Үүний улмаас митохондр өөрийн мембраныг хэвийн бүрдүүлж чадахгүй болж, жижиг хэсгүүдэд хуваагдан, үйл ажиллагаа нь алдагддаг байна.

 

Залуу, эрүүл эсэд митохондрууд хоорондоо амархан нэгдэж, урт уян бүтэц үүсгэдэг нь энергийг эсийн дотор жигд хуваарилахад чухал үүрэгтэй ажээ. Харин нас ахиж, фосфатидилхолины хэмжээ багассанаар митохондруудын энэ чадвар алдагдаж, уян хатан чанар нь буурч, эсийн эрчим хүчний хэрэгцээний өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь мууддаг гэнэ.

 Фриц Липманы хүрээлэнгийн биологич Мария Ермолаева энэ үйл явцыг нас ахихын хэрээр аажмаар гэмтдэг эрчим хүчний нарийн сүлжээтэй зүйрлэжээ. Түүний хэлснээр, холбоосууд нь эвдэрч, эрчим хүч дамжуулах нь буурдаг ч эрчим хүчний үйлдвэрлэл бүрэн зогсдоггүй байна.

 Судалгаагаар мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа байгааг тогтоожээ. Фосфатидилхолины хэмжээ аль алинд нь буурдаг ч эрэгтэйчүүдэд аажмаар, харин эмэгтэйчүүдэд, ялангуяа 45-55 насны цэвэршилтийн үед илүү огцом буурдаг байна. Эд эсийн бүтэц дэх химийн найрлагын эдгээр өөрчлөлт нь цэвэршилтийн үед олон эмэгтэйн мэдэрдэг эрч хүч буурах, мөн архаг ядаргаа үүсэхэд нөлөөлдөг байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа ажээ. 

 Гэсэн хэдий ч фосфатидилхолины хэмжээ буурах нь митохондрын хөгшрөлтийн цорын ганц шалтгаан биш болохыг эрдэмтэд онцолжээ. Харин энэ хүчин зүйл эсийн хөгшрөлтийн явцад ихээхэн нөлөөлж байгаа тул цаашид илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байна.

 Хүний бие махбод туузан хорхойноос хавьгүй нарийн бүтэцтэй боловч энэхүү липидийн хэмжээг сэргээх нь митохондрын насжилттай холбоотой зарим өөрчлөлтийг сааруулах боломжтой гэсэн үндэслэлийг уг судалгаа өгчээ.

 Эрдэмтэд судалгааныхаа дараагийн шатанд фосфатидилхолины хэмжээ буурах нь митохондрын мембраны бүтцийг молекулын түвшинд хэрхэн өөрчилдгийг тогтоохоор төлөвлөж байна.

 Митохондрын үйл ажиллагаа алдагдах нь чихрийн шижин, хорт хавдар, Паркинсоны өвчин зэрэг олон эмгэгтэй холбоотой гэж үздэг. Энэхүү шинэ судалгаа эсийн “эрчим хүчний станц”-ын үйл ажиллагааг сэргээх өөр нэг боломжит гарц байгааг харуулж байна.

 Судалгааны явцад олж авсан мэдээллүүд митохондрын хөгшрөлт төдийгүй бие махбодын хөгшрөлтийн илүү өргөн хүрээний үйл явцыг тодорхой хэмжээнд өөрчлөх боломжтойг харуулсан. Хэрэв эрдэмтэд энэ үйл явцын үндсэн механизмийг бүрэн тайлж чадвал ирээдүйд насжилттай холбоотой өөрчлөлтийг сааруулах аргуудыг боловсруулах боломж бүрдэнэ" гэж Мария Ермолаева ярилаа. 

 

Энэхүү судалгааны талаарх өгүүлэл "Nature Communications" сэтгүүлд нийтлэгджээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно54 минут 9 секундын өмнөБоловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна55 минут 3 секундын өмнөБНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ58 минут 8 секундын өмнө"Өрхийн эмнэлгээсээ “Илгээх бичиг” авчрахгүй бол эмчид үзүүлэх цаг олгохгүй"1 цаг 2 минутын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа1 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ1 цаг 9 минутын өмнөСэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна1 цаг 10 минутын өмнөЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ1 цаг 13 минутын өмнөЭрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ1 цаг 30 минутын өмнөУИХ дахь Ардчилсан намын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар мэдээлэл сонслоо1 цаг 32 минутын өмнөУлаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ6 цаг 1 минутын өмнө"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"6 сар 26. 14:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.