Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ)-ийн XIX ээлжит их хурлыг өчигдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж, шинэ тэргүүнээ сонголоо
Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвшин өрсөлдөж, олонхын саналаар Л.Нинжжамцыг МСНЭ-ийг сонгожээ. Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалт явуулж, улмаар дүнг танилцуулахад сэтгүүлч Л.Нинжжамц 71.3 хувийн санал авч, МСНЭ-ийг удирдахаар болов. Уг сонгуульт алба нь дөрвөн жилийн хугацаатай. Харин нэр дэвшихээ илэрхийлсэн сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татжээ.
Л.Нинжжамц нь МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, 2021 онд Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар тус тус ажиллаж байжээ. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөж, 22 мянган хүний санал авч байсан нэгэн юм.

Сэтгэгдэл бичих