Цаг уур, орчны шинжилгээний газраас гол мөрний усны түвшний мэдээллийг 2026 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын ихэнх гол мөрний усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурах хандлагатай байсан бөгөөд 10 хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-80 сантиметрээр бага байна. Бүс нутгийн нөхцөл байдлыг авч үзвэл, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд голуудын усны түвшин хоногт 5-25 сантиметрээр буурсан бол Хангайн нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Тамир зэрэг болон өврийн Богд, Чигэстэй, Завхан, Түйн, Байдраг зэрэг голуудын усны түвшин мөн аажим буурчээ.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сэлбэ зэрэг голуудын хувьд ч хоногийн түвшний хэлбэлзэл бага буюу 1-5 сантиметр орчим байж, олон жилийн дунджаас 5-40 сантиметр бага түвшинд байна.
Үүний эсрэгээр, мөнх цас, мөсөн голоос эхтэй Алтай нурууны Ховд, Булган, Буянт, Сагсай зэрэг голуудын усны түвшин цас, мөс эрчимтэй хайлсны улмаас хоногт 5-20 сантиметрээр нэмэгдсэн байна. Мөн Сэлэнгэ мөрний хувьд арав хоногийн эхээр усны түвшин 5-10 сантиметрээр нэмэгдээд дунд үеэс буурсан ч олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-75 сантиметр ахиу устай хэвээр байгаа аж. Харин Орхон гол, Хөвсгөлийн Эг, Бүгсий болон Номхон далайн ай савын Онон, Хэрлэн, Улз, Халх голын дагууд усны түвшний хэлбэлзэл харьцангуй бага, тогтвортой байдал ажиглагдлаа.
Ийнхүү ихэнх гол мөрний усны түвшин буурах хандлагатай байгаа ч мөнх цас, мөсөн гол бүхий өндөр уулын бүсүүдэд усны түвшин нэмэгдэж байгаа тул голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих