Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:
-Өнөөдрийн байдлаар 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нь татварын, 8 нь татварын бус орлого бүрдүүлж байна. Төсвийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2022 оноос эхлэн ААНОАТ-ын 40 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсантай холбоотойгоор томоохон өөрчлөлт орсон. Судалгаанаас харахад нийслэлийн орлого жил бүр тогтвортой өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны тавдугаар сарын гүйцэтгэлээр 2026 онд 5.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс татварын орлогоор 4.2 их наяд төгрөг, татварын бус орлогоор 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Үүнд ХХОАТ-аар 58 хувийг, ААНОАТ-аар 29 хувийг бүрдүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлт 81.7 хувийг гүйцэтгэлтэй байна. Зарлагын гүйцэтгэл 78.6 хувьтай байна.
Төсвийн урсгал зардлын төлөвлөгөөг авч үзвэл, хот тохижуулалтын зардалд 24.6 хувь буюу 495.2 тэрбум төгрөг, нийтийн тээврийн алдагдлын татааст 18.8 хувь буюу 377.6 тэрбум төгрөг, цалин хөлс, урамшуулал, нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 329.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 161.8 тэрбум төгрөг, бусад зардалд 216.9 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 79.7 тэрбум төгрөг, КОП-17 хуралд 70.1 тэрбум, дамжуулан зээлдүүлсэн зээл 95.8 тэрбум, Засаг даргын нөөц санд 36 тэрбум төгрөг, агаарын бохирдлыг бууруулахад 52.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хөрөнгө оруулалтын зардлын батлагдсан төлөвлөгөөгөөр нийт 5 их наяд төгрөг баталснаас тайлант хугацаанд 629.8 тэрбум төгрөг буюу 12.4 хувийн биелэлттэй байна. Нийт гүйцэтгэлээр нь авч үзвэл 90.9 хувийг нийслэлийн хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. 2024-2026 онд нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1.4 их наяд байсан бол 2026 онд 4.6 их наяд төгрөгт хүрч, үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжиж буй томоохон мега төслүүд хэрэгжүүлж байгаатай холбоотой байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 3.1 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бол 1.5 их наяд төгрөгөөр нийслэлийн үнэт цаасаар хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих