Монгол Улс өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй цусны донортой бөгөөд үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байгааг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Тус төвөөс "Цусны донорын дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн ёслолын үеэр Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Топ донор"-ыг шалгаруулан шагнажээ.
Мөн донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг тодруулж, талархал илэрхийлсэн байна.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн. Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлжээ.
Арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Сэтгэгдэл бичих