Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Үндэсний цаг уурын газар, Цаг уурын хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Монгол Улсад цаг уурын нэгдсэн автомат систем суурилуулах нь I, II” төслийн үр дүнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв” байгуулагдаж, нээлтээ хийлээ.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн уг төсөл 2017-2019 болон 2022-2026 онд хоёр үе шаттай хэрэгжсэн бөгөөд төслийн хоёрдугаар шатны хүрээнд төвийн бүсийн аймаг, сумдад нийт 52 цаг агаарын автомат станц суурилуулсан байна.
Шинээр байгуулагдсан аэрологийн төв нь агаар мандлын дээд үе давхаргын мэдээллийг олон улсын стандартын дагуу тогтмол цуглуулж, боловсруулах, ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлалыг олон улсын түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн тус төв ашиглалтад орсноор байгаль орчны хамгаалал, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аэрологийн станцуудын ажиглалтын мэдээлэл дэлхийн цаг уурын мэдээлэл солилцооны сүлжээгээр дамжин олон улсын тоон прогнозын төвүүдэд хүрдэг. Энэ нь дэлхийн агаар мандлын загварчлалын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулдаг байна.
Шинэ төв ашиглалтад орсноор дээд агаар мандлын ажиглалтын мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд чанартай ажиглалтын өгөгдөл нийлүүлэгч, дэлхийн газар зүйн ажиглалтын сүлжээний идэвхтэй оролцогч орны байр сууриа улам бэхжүүлэх боломж бүрдэж байна.
Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл бичих