Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно


6-р сарын 12
14 цаг 08 минут

Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр хэвлэлийн хурал боллоо.   

 

Евроази нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёл өвийг хадгалж, хамгаалан ирсэн дэлхийн соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг. Энэ хоёр тивд орших улс орнуудын музей, соёлын өвийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг, байр суурийг эзэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан "Чингис хаан" үндэсний музей нь бүс нутаг, олон улсын хэмжээнд өргөн цараатай үйл ажиллагаа явуулж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

 

Түүний нэг томоохон илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 15-20-нд зохион байгуулна.

 

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази болон Европын орнуудад хийсэн төрийн айлчлалын үеэр олон талын санамж бичгүүдийг байгуулсан. Тухайлбал, “Чингис хаан”  үндэсний музейтэй холбоотой тухайн улсуудын үндэсний онцлог болон олон улсад хүлээн зөвшөөрсөн музейнүүдтэй хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулжээ. Эдгээр баримт бичигт санхүүжилт, гүйцэтгэл, хамтын ажиллагаа болон олон улсын боломжийг тодорхойлох, нээлттэй платформ бий болгох зэрэг заалтыг үндсэн хөтөлбөрт тусгасан. Одоогоор тэдгээрийн хэрэгжилтийг эхлүүлж, илүү идэвхжүүлж байна. Мөн зөвхөн “Чингис хаан” үндэсний музейгээр хязгаарлагдахгүй монголын зарим музейн үйл ажиллагааг эрчимжүүлж, тэдгээрийн сан хөмрөг, үзмэртэй танилцах боломжийг бүрдүүлж байна.

 

 Хархорин хотод тусгайлан зохион байгуулах үзэсгэлэнгүүдээр дамжуулан археологи, түүх, соёлын өвтэй холбоотой өвөрмөц үзмэрүүдийг олон нийтэд танилцуулах юм.

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн болон Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд Евро-Ази тивийн төгөл байгуулах зэрэг байгаль орчин, соёлын чиглэлийн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

 

Уг форум “Евроазийн их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” нэршлийг сонгосон нь учиртай аж. Нэгэн цаг үед Монголчууд Европ, Ази тивийг буюу Өрнө,  Дорныг холбож, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухааны их солилцоог бий болгож байсан.

 

“Чингис хаан" үндэсний музейг байгуулснаар монголын музейн салбар Европ, Азийн орнуудын музейн удирдлагуудыг урьж, мэдлэгийн их солилцоог өрнүүлэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл туршлагаа солилцох, мэдлэгээ хуваалцах, хамтран ажиллах, ирээдүйн боломжоо хамтдаа тодорхойлох зорилготой хэмээн “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун тодотгов.

 

Мөн тэрбээр, “Монгол Улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, музейн хамтын ажил бодлого удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инноваци, музейн боловсрол олон нийт ба маркетинг, евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг, нэгдэл байгуулах боломж бүрдэж буйгаараа онцлогтой. 2026 оныг Олон улсын музейн зөвлөл /ICOM/-өөс “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолсон нь уг чуулганы ач холбогдол, утга агуулгатай нийцэж  буй юм. Манай музей чуулганы зохион байгуулалтад манлайлал үзүүлж, олон улсын музейдтэй шинэ шатанд хамтарч ажиллах, шинэ гарцыг нээж, цаашлаад Евроазийн музейдийн хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллах, бүс нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх орон зайг  бүрдүүлж, шинэ боломжийг нээн  өгч байна.

 

Эдгээр музейн удирдлагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж цаашдын музейн салбар хоорондын олон ажлыг эхлүүлэх юм. Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд ийм өргөн бүрэлдэхүүнтэй Монгол улсад чуулж байгаа нь анхны тохиолдол юм.  

 

Чуулганы төгсгөлд Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнуудтай танилцана” гэв.

 

Мөн ССАЖЗЯ болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар энэхүү форумыг хоёр жил тутамд тогтмол зохион байгуулж, Европ-Азийн музейнүүдийн туршлага солилцох байнгын уулзалтын цэг болгохоор зорьж байгаа ажээ.

 

Түүнчлэн ковидын өмнөх буюу 2015-2020 онд Монгол Улсад 36 музей үйл ажиллагаа явуулж байсан бол одоогийн байдлаар энэ тоо нэмэгдэж, 40 орчимд хүрээд байна. 2020 оны байдлаар нийт музейн үзэгчдийн тоо 689 мянга орчим байсан бол өнөөдрийн байдлаар 1.8 саяд хүрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно53 минут 46 секундын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 18 минутын өмнөЗарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна1 цаг 19 минутын өмнө"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"1 цаг 20 минутын өмнөОлон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно1 цаг 24 минутын өмнөМонголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ6 сар 11. 17:45504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ6 сар 11. 17:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.