Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв


6-р сарын 10
12 цаг 52 минут

“Хүчит шонхор” захын махны лангуу хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй биднийг угтлаа. Үхрийн махны үнэ килограмм нь 37 мянган төгрөг давсан энэ үед иргэд ихэвчлэн хонины мах авахаар бог малын лангууг зорих аж. Гэр бүлийнхээ хамт махаа цуглуулан зогсох иргэд халаасаа тэмтрэн “Махны үнэ  ч ёстой тэнгэрт хаджээ, ямар үнэтэй байна вэ” хэмээн халаглах нь чихэнд сонсогдоно.

Энд 15 дахь жилдээ бог малын мах худалдаалж буй Б.Болормаа шинэхэн буусан хонины гулууз махаа эвлэгхэн янзалж зогсоно. Худалдан авагчидтай зэрэгцэн бидэнтэй ярилцахдаа тэрбээр махны үнэ буурахгүй байгаад бухимдалтай байгаагаа нуусангүй.

“Ерөнхий сайд Н.Учрал ирээд явснаас хойш махны үнэ буурах нь битгий хэл, харин ч хоёр мянган төгрөгөөр нэмэгдчихлээ” хэмээн тэр яриагаа эхлэв.

Түүний хэлснээр махны үнэ өссөн ч иргэдийн худалдан авалт төдийлөн буураагүй байна. Учир нь мах монголчуудын өдөр тутмын хүнсний гол хэрэглээ хэвээр байгаа тул үнэ нэмэгдсэн ч өрхүүд хэрэгцээгээ хангахын тулд худалдан авалтаа үргэлжлүүлсээр байгаа аж.

Тэрбээр "Иргэдийн худалдан авалт сайнгүй байгаа ч махны үнэ тасралтгүй өссөөр байна. Махны нийлүүлэлт, нөөц тааруу байгаагаас шалтгаалж үнэ нэлээд нэмэгдлээ.

Одоогоор хонины мах чанараасаа хамаарч 27 мянга, ямааны мах 23 мянга, ястай мах 23-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн доод талын үнэ гэхэд л 20 мянга давсан.

Засгийн газраас махны үнийг буулгана гэж байсан ч бодит байдал дээр буурах нь байтугай улам өссөн. Ерөнхий сайд ирж танилцаад явснаас хойш ийшээ орж ирдэг байсан махны нийлүүлэлт бүр зогсчихлоо. Мах бол өдөр тутмын хэрэгцээ учраас иргэд үнэтэй байсан ч авч байгаа. Миний хувьд өглөө эрт босож хөдөлмөрлөж байгаа ч ченжүүд бид бүхэн 23-24 мянгаар авсан махнаасаа 4-5 килограмм яс хаядаг. Энэ алдагдлаа нөхөхийн тулд үнээ ийм түвшинд барихаас өөр аргагүй. Ноднин өдийд махны үнэ нэлээн буурчихсан байсан бол энэ жил буурах шинж алга "гэлээ.

"Хүчит шонхор" зах дотор бод малын мах зардаг 57 лангуу ажилладаг. Худалдаачид өглөө бүр ченжүүдээс багадаа гурван бүтэн үхэр болон хонины мах авч борлуулдаг байна. Харин олон жилийн найдвартай түншлэлтэй зарим худалдаачид өдөртөө 20 гаруй гулууз хонь татан авч худалддаг гэв.

Энд иргэд зөвхөн цул мах авахаас гадна дайвар бүтээгдэхүүнийг багагүй хэмжээгээр худалдан авдаг. Биднийг дайвар бүтээгдэхүүний тасаг руу ороход үнэ ханш судалж, худалдан авалт хийж буй иргэд цөөнгүй харагдав. Тодруулбал, мал, амьтны зүрх 7000 төгрөг, бөөр 5000 төгрөг, элэг 3500 төгрөгийн үнэтэй. Харин цэвэрлэж, цусыг нь амталж бэлтгэсэн хонины гэдэс 35,000 төгрөгт хүрчээ. Захаар үйлчлүүлж буй нэгэн иргэн

"Өмнө нь ердөө 15000 төгрөгөөр авдаг байсан хонины гэдэс өнөөдөр 35,000 төгрөг болсон байна. Дайвар бүтээгдэхүүний үнэ бараг үхрийн махны хэмжээнд хүрчихлээ" хэмээн халаглаж байв.

Үнийн өсөлтийг үл харгалзан дайвар бүтээгдэхүүний хэсэгт хамгийн эрэлттэй, гүйлгээтэй байгаа зүйл нь толгой, шийр аж. Худалдагчид "Сүүлийн хэдэн өдөр толгой, шийр зарагдахгүй үлдэнэ гэж үгүй болсон. Иргэдийн худалдан авах чадварт нийцэж байгаа болоод ч тэр үү, эрэлт маш өндөр байна" гэж ярилаа.

Иргэн Х.Өсөхжаргал "Махны үнэ өмнөх өдрүүдээс 500-1000 төгрөгөөр буурч, өнөөдрийн байдлаар килограмм нь 21,500 төгрөг, уржигдар 22,500 төгрөгийн ханштай байсан. Мөн нөөцийн мах 15 гаруй мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа ч энэ нь иргэдийн амьдралд мэдэгдэхүйц хөнгөлөлт болж чадахгүй, үнэ бараг буугаагүйтэй адил байна. Үнэ бага зэрэг буурсан ч иргэдийн худалдан авах чадвар маш муу хэвээр байна. Манайх жижиг дэлгүүртэй. Тэндээ мах авах гэж өдөр бүр наашаа ирдэг. Манайх өдөртөө ердөө 1-2 килограмм мах л зарагдаж байна.

Иргэд, тэр дундаа тэтгэврийн мөнгө нь хаанаа ч хүрдэггүй өндөр настнууд махаа авч хүчрэхгүй байгаа тул хоол хүнсэндээ голчлон малын гэдэс, дотор авч хэрэглэж байна.

Өмнө нь 15,000 төгрөг байсан гэдэсний үнэ одоо 35,000 төгрөг болж өсчээ. Жин хэмжээнээсээ хамаараад нэг бүтэн хонь авахад бараг 680 орчим мянган төгрөг болж байгаа нь иргэдийн цалин, орлогоос хэтэрсэн үзүүлэлт юм. Махны үнэ ийм өндөр байгаа нь ченжүүдийн дамжлагатай шууд холбоотой. Баруун талын малчны зах гэхэд л нэр нь малчдынх болохоос биш угтаа "Хархорин", "Дэнжийн мянга"-ын ченжүүд мал авч, үнийг нь өсгөн худалдаалж байна" гэлээ.

"ГУРВАН САРЫН ДОТОР МАХНЫ ҮНЭ 5000-10,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ"

Одоогоос ердөө гурван сарын өмнө тус захад хонины мах килограмм нь 22,000 төгрөг, үхрийн мах 27,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Тэгвэл өнөөдөр гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ ханш мэдэгдэхүйц өсөж, иргэдийн нуруун дээрх санхүүгийн ачааллыг улам нэмэгдүүлсэн нь бэлхнээ харагдаж байлаа. Тухайлбал, хонины мах 5000 төгрөг, үхрийн мах 10,000 төгрөгөөр нэмэгдсэн байжээ. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн хүчтэй нөлөө үзүүлжээ. Тавдугаар сарын байдлаар махны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 46.7 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 54.6 хувь, хонь, ямааны мах 53.4 хувиар тус тус нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн газраас гаргаж танилцуулсан юм.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч Р.Наранцэцэг өрхийн хэрэглээний мах, махан бүтээгдэхүүнээ тус захаас тогтмол худалдан авдаг гэлээ. Тэрбээр тэтгэвэртээ гараад удаагүй байгаа ч сүүлийн хэдэн сарын хугацаанд махны үнэ тасралтгүй өсөж байгааг онцолсон юм. Түүний хувьд тэтгэврийнхээ дийлэнхийг зөвхөн мах худалдан авахад зарцуулж байгаа нь өрхийн санхүүд нь хүндхэн дарамт болж байгааг хэлэв. Энэ талаар тэрбээр "Тэтгэвэрийнхээ 769 мянган төгрөгөөр мах, эм тариа, хоол хүнс гээд бусад хэрэглээгээ зохицуулах үнэхээр хүнд байна. Махны үнэ тасралтгүй өсөж байгааг буулгах шаардлагатай. Нэг талаараа тэтгэвэр, цалин нэмэх болохоор төсөв байхгүй, дампуурлаа гэдэг мөртлөө төр, засагт ажиллаж буй хүмүүс нь доороосоо дээшээгээ хүртэл хулгай хийсээр байна. Жирийн иргэд ийм үйлдэл гаргасан бол аль хэдийн шоронд орох байсан. Одоо амьдрахад маш хэцүү байна.

Дэлгүүрт хонины мах 22,000 төгрөг, адууны мах 17,500-18,000 төгрөг, үхрийн мах бүр 35,000-37,000 төгрөгийн үнэтэй байна.

Үндсэндээ, Монгол Улс махаа гадагшаа хямд гаргачихаад, иргэдийн нуруун дээр ийм хүнд ачаа үүрүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Ерөнхий сайд нь махны үнийг хязгаарлалаа, нөөцийн мах гаргалаа гэж яриад байсан ч дүүрэг, дэлгүүрүүдэд нөөцийн мах харагдахгүй, барааг нь ч олж үзсэнгүй" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 49 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 51 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв1 цаг 53 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ1 цаг 54 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"1 цаг 55 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО1 цаг 59 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"2 цаг 19 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив2 цаг 20 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ2 цаг 22 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд2 цаг 23 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.