Төсөөлье л дөө. Таны гэр ундуй сундуй, зочны өрөө... за ер нь ихэнх өрөө тань хэрэгтэй хэрэггүй хогоор дүүрчихсэн. Та ч түүндээ бүр дөжирчээ. Гэтэл танайд түр зуур зочилсон гаднын найз энэ байдлыг хараад сэтгэл нь эмзэглээд танайд дараа найзуудаа дагуулаад дахин ирж гэрийг тань цэвэрлэж, хур хогийг чинь бөөгнүүлж ууталсаар хаях гээд гараад явлаа. Тэгвэл үүнтэй төстэй нэгэн үйл явдлын талаарх сурвалжилгыг хүргэе.
Япончууд сайн дураар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт голын эрэг дагуух хог цэвэрлэлээ. Хог цэвэрлэх энэхүү санаачилгыг анх Япон улсын иргэн Миүра Томоко гаргажээ. Тэр 6 жилийн өмнө Монголд морь унахаар ирэхдээ анзаарсан зүйлсийн нэг нь "хог" байв. Тиймээс нутагтаа очоод найзууддаа энэ талаар хэлж, тэдэнтэйгээ хамт энэ жил дахин ирж Налайх дүүрэгт голын эрэг дагуух хогийг цэвэрлээд, Монголын байгалийг үзэнгээ, морь унаж аялаад буцжээ.
Тэдний үйл ажиллагаанд Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА байгууллага болон Цогтоо Монгол Хауст тур компанийн гээд 40 гаруй хүн нэгдэж, хог түүх ажлыг хамтран зохион байгууллаа.
Энэ хавиар хог цугладаг дийлэнх шалтгаан нь голыг тойроод хогийн 3-4 цэг байдаг ба тэдгээрийг шатаахгүй, ил байдаг учир салхинд хийсэж ирдэгт байна.
Япон Улсын иргэн Такэши Нагаока:
- Би 11 жилийн өмнө Монголд анх ирж байсан ба мөн МУИС-ийн Монгол хэлний ангийг сурч төгссөн. Нэг монгол найзтайгаа хамт аялал жуулчлалын компани байгуулаад, одоо Япон болон Монгол хоёрын дунд ирэн очин ажиллаж, амьдардаг. Монгол бол үзэсгэлэнтэй сайхан орон. Би өөрөө зөвхөн тэр сайхныг нь үзээд, харж бишрээд байх биш бусад найзууддаа ч гэсэн харуулмаар байсан болохоор найз Миүра Томоког /хог цэвэрлэх үйл ажиллагааг санаачлагч/ анх урьж байсан.
Монголд одоогоор хог шатаах томоохон үйлдвэр байхгүй байгаа ч ард иргэд өөрсдийн боломжоор хогоо тусгай зориулалтын газар аваачиж хаях боломжтой. Гэсэн хэдий ч тэнд хаясан хог салхинд хийсэж хээр талд тарж, голын эх, эрэг бохирдуулаад байгаа учир гар аргаар цэвэрлэхээс өөр аргагүй. Бид дахиад ирэх жил ч цэвэрлэх байх. Магадгүй цэвэрлэх үйлдвэртэй болох хүртэл цэвэрлэнэ ээ. Тэр хүртэл монголчууд ч мөн хог цэвэрлэх үйл ажиллагаанд нэгдэх боломжтой.
Япон улсын иргэн, байгаль хамгаалал чиглэлээр ажилладаг Миүра Томоко:
- Монголын тал нутагт морь унаж үзэх хүслээ тээсээр, цар тахал дэгдэхээс өмнө би анх удаа ирж байсан. Тэр үед энэ хавиар хог бага байсан ч бага багаар нэмэгдсээр байгааг анзаарсан. Би байгальд их дуртай, хайртай хүн. Өнгөрсөн жил ирэхдээ монгол найз Цогтоотой ярилцаад, дараа ирэхдээ олны хүчээр бөөндөө хог цэвэрлэх сайн дурын ажлыг хамтдаа хийхээр тохироод буцсаныгаа энэ жил хэрэгжүүлж буйдаа маш их баяртай байна.
Хүн амьдрахын тулд байгаль дэлхийгээс их зүйл авдаг. Яг л ээж ааваасаа анх авч, тэдний тусламжаар хүн болдог шиг л... Тэгэхээр бид ч мөн ээж ааваа хайрладаг шиг, үргэлж ямар нэгэн зүйлийг нь авсаар байдаг байгаль эхээ ч мөн хайрлах нь зүй ёсных билээ. Хамгийн энгийн жишээ бол хог хаяхгүй, мөн байгалийг цэвэрлэх явдал юм. Ингэснээр бид үр хүүхдэдээ ч тэр "цэвэрхэн" байгалийг өвлүүлэх болно гэдэгт итгэдэг. Ирэх бүрд л Улаанбаатар хот өргөжин тэлж байгаа нь анзаарагддаг. Үүнийгээ дагаад хогны асуудал ч нэмэгдэж байгаа байх. Хотын төлөвлөлтийг нарийн шийдэж, хог дахин боловсруулах үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулах гэх мэт шийдлүүд шаардлагатай байх гэж бодож байна.
"Цогт Монгол" морин аялал зохион байгуулагч, нутгийн иргэн Ж.Цогтбаяр:
- Би энд төрж өссөн. Одоо ч гэр бүлээрээ амьдардаг. Намайг бага байхад энэ голоос хүн, малгүй бүгд л ундаалдаг байсан бол одоо хог цуглараад хүн байтугай мал ч уухаа байсан. Гордокийн хогийн цэгээс хог хийсэж ирдэг. Бас буудаллаад буцсан хүмүүс хогоо хаяад явчихдаг. Нутгийн энэ хэсэг уг нь Эрдэнэ сумд харьяалагддаг байсан бол Налайх дүүрэгт харьяалагддаг болсон байна лээ. Ямар дарга нь ингэж их газар өгдгийг мэдэхгүй ч өглөө босоход л нэг хашаа хатгаад, татчихсан байх юм. /санаа алдав/
Тэгээд иргэд зөвхөн өөрийнхөө хашаан доторх хогоо л цэвэрлэх юм. Хашаанаас нь гадна талд байвал огт тоохгүй. Ядаж ойр орчмын хогоо цэвэрлээд байвал учиртай шүү дээ. Дээшээ уул, модонд битүү хог. Манай жуулчны баазад анх морь унахаар ирсэн Томоко энэхүү санаачилгыг гаргаж бид хог цэвэрлэх үйл ажиллагаанд өөрсдийн боломжоороо хамтарч байна. Мэдээж нутгийн хүний хувьд ичмээр л санагдаж байна. Шулуухан хэлэхэд манай монголчууд хогны тал дээр боловсрол тааруухан байна.
Мөн нутгийн зарим иргэдийн хэлснээр энд бартаат замын автомашины уралдаан болон "Playtime" наадам ойролцоо болдог нь хөрс талхлагдах, хогны хэмжээ ихсэх шалтгаан болдог гэлээ.

Сэтгэгдэл бичих