“Google” компани өвчин тээгч шумуулын тоо толгойг бууруулах туршилтын хүрээнд нянгаар халдварлуулсан 64 сая хүртэлх тооны шумуулыг АНУ-ын Калифорни, Флорида муж улсуудад удахгүй байгальд тавихаар төлөвлөж байна.
Тус компани хоёр жилийн хугацаанд дээрх муж улсууд тус бүрд 32 сая хүртэлх тооны шумуулыг тавих зөвшөөрөл хүсжээ. Уг хүсэлтийг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) хянан хэлэлцэж байгаа аж.
“Debug” хэмээн нэрлэсэн энэхүү төслийн хүрээнд “Вольбахиа” нянгаар халдварлуулсан, хүн хаздаггүй өмнөд бүсийн гэрийн эрэгчин шумуулыг байгальд тавих ажээ. Энэ нянгаар халдварласан эрэгчин шумуул халдваргүй эмэгчин шумуултай нийлэхэд гарсан өндөг нь хагардаггүй тул шумуулын тоо толгойг аажмаар буурна.
“Вольбахиа” нянгаар халдварлуулсан шумуулыг ашигласан өмнөх төслүүд амжилттай хэрэгжиж, шумуулын тоо толгойг бууруулахад үр дүнтэй болохыг харуулжээ. Тухайлбал, Сингапур улсад денге чичрэг өвчний вирус тээгч шумуултай тэмцэхийн тулд энэхүү аргыг хэрэглэхэд тухайн бүс нутгийн шумуулын тоо толгой 90 хүртэлх хувиар, халдвар дамжих эрсдэл 70 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл бичих