Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс 2026 оны 6 дугаар сараас 8 дугаар сар дуусталх хугацааны урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.
Ийнхүү олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд 2026 оны зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас зургаадугаар сард баруун болон говиор, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр ОЖД-аас бага байхаар байна. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт бий болох магадлалтай ба түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улирлын урьдчилсан төлөв
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлал Судалгааны Хэлтсээс 2026 оны 6-8 дугаар сарын урьдчилсан төлөвийг тооцоолон хүргэж байна. Урьдчилсан төлөвийг weather.gov.mn цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгчид шинэчилсэн мэдээг ашиглахыг сануулж байна.
6–8 дугаар саруудын уур амьсгал
Агаарын температур зургаадугаар сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна.

Долоодугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С, наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...12°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг.
Хур тунадасны хувьд зургаадугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна. Долоодугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. Наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм ордог.
2026 оны 6-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Долоодугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зөвлөмж
VI сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, VII болон VIII сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас VI сард баруун болон говиор, VII сард ихэнх нутгаар, VIII сард баруун болон зүүн хэсгээр ОЖД–аас бага байх төлөвтэй байна. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байх тул болзошгүй ой хээрийн түймэр, цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих