"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"


5-р сарын 5
15 цаг 05 минут

Монголчуудын оройн дээд Очирваань буюу Отгонтэнгэр хайрхны өвөрт хорвоод ховорхон вансэмбэрүү цэцэг ургах дуртай. 3000 мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг энэ цэцгийг тэнгэрийн цэцэг гэж нэрлэх нь ч бий. Тэгвэл энэ дархан цаазат газрын байгаль хамгаалагч Ч.Бат-Өлзий уулынхаа вансэмбэрүүг өөрийн өлгийтэй хүүхэд адил, нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалдаг хэмээн хууч хөөрөв. Ч.Бат-Өлзий зургаа дахь жилдээ Отгонтэнгэрийн дархан цаазат, УТХГ-ын өвөр хэсгийн байгаль хамгаалагчаар ажиллаж байна.

"Би энэ уулынхаа өвөрт бага насаа өнгөрөөсөн хүн дээ. Отгонтэнгэр хайрхнаа харж, сүүнийхээ дээжийг өргөж, нутгийнхаа ёс заншлыг дагаж өссөн болохоор тэр чигт нь л хайрлаж, хүндэлж ирсэн. Хүүхэд байхад их сүрдмээр санагддаг байлаа. Бусад уулын цас хайлчихсан байхад Отгонтэнгэрийн орой яагаад зун ч цагаанаараа байдаг юм бол гэж ээж ааваасаа асууж, гайхдаг байсан минь саяхан мэт. Тэр үед л энэ чинь мөнх цастай, Богд Очирваань уул юм байна гэдгийг ойлгож, энэ уулыг хайрлах сэтгэл өөрийн эрхгүй суусан байх.

Би байгаль хамгаалагч болно гэж зорьж мөрөөдөж явсангүй, сургууль соёл төгсөөд л хөдөө гарч, мал малласан. Мал, хүн, байгаль гурав чинь салшгүй холбоотой шүү дээ. Манай хадам аав н.Батмэнд гэж энэ нутагтаа олон жил байгаль хамгаалагч хийсэн хүн байлаа. Тэтгэвэртээ гарахдаа намайг энэ ажилд тохирно гэж дэвшүүлсэн нь миний хувь тавилан байсан байх. Эхэндээ мэргэжлийн бус гээд буцаагдаж байсан ч, хамгаалалтын бүс өргөжиж орон тоо нэмэгдэхэд намайг авч ажиллуулсан. Ингээд л малчин хүн байсан би хувь тавилангаараа энэ ариун дагшин уулынхаа манаач нь болоод зургаан жилийг үджээ

Бидний шүтээн энэ хайрхан маань "амьтай" уул. Тэнгэр цэлмэг байж байгаад л хүмүүс ирж тахилга хийхээр гэнэт үүл хуралдаж, бороо орох нь олонтаа. Зарим хүмүүсийг зан үйл хийнгүүт цаг агаар өөрчлөгдөх шиг болдог. Салхи босоод л, бороо ороод л...Ийм зүйлсийг харахаар энэ хайрхан маань биднээс хүндэтгэл, зөв зохистой харилцааг л нэхээд байгаа юм шиг санагддаг юм.

Манай Отгон сумынхан хайрхандаа их шүтлэгтэй, уултайгаа холбоотой өссөн хүмүүс. Бидний бахархал болсон "Оройн чимэг" гэж сайхан дуу бий. Хаана ч найр наадам эхлэхэд энэ дуугаа л түрүүлж дуулж байж дараагийн дуу руугаа ордог ёстой. Хүүхдүүд маань ч багаасаа энэ аялгууг сонсож, энэ уулаа хайрлаж өсдөг уламжлалтай.

 

Гэтэл зарим хүмүүс "бидний газар нутаг, хаана ч явах эрхтэй" гээд л дураараа авирлах гээд байдаг нь их харамсалтай. Уг нь энэ уул зөвхөн өнөөдрийн бидний биш, хойч үедээ байгаагаар нь үлдээх ёстой ариун дагшин газар юм.

Манай ууланд вансэмбэрүү цэцэг ургадаг юм. Би өөрийн өлгийтэй хүүхэд шиг хайрлаж хамгаалдаг. Ирсэн мөргөлчид дэргэд нь зураг хөрөг авах гэсэн юм гэх зэргээр хаана ургаж байгааг нь их сураглана аа. Хэлчихвэл тастаад авчихдаг улс ч байна. Ийм юм үзэхээр дотор харлаад их хүнд. Хорио цээртэй, ховор ургамал гэдгийг ойлгоосой. Мөргөлчид минь, уусан ундааныхаа савыг аваад буцах, байгаль хамгаалагчийн зөвлөмжийг дагах нь л жинхэнэ шүтлэг юм шүү дээ. 

Би одоо ч мал маллах ажлаа байгаль хамгаалалтайгаа хослуулж яваа хүн. Энэ хоёр ажлыг зэрэг хийх амаргүй ээ. Жишээ нь, ямаагаа самнаад сууж байтал л гэнэт утасдаад "тэнд гал гарсан байна, яаралтай яв" гэхэд хийж байсан ажлаа орхиод л гүйх хэрэг гарна. Тэр болгонд гэр бүлийнхэн маань л ар талыг минь найдвартай даадаг учраас би ажлаа сэтгэл амар хийдэг юм. Өөрөөр хэлбэл гэр бүлээрээ л энэ албанд хүчин зүтгэж байгаатай ижил.

Ажил маань олон сайхан боломжийг бидний өмнө нээж өгдөг. Ховор амьтдыг дэргэдээс нь харж өсөж, үржиж байгааг нь хянаж бүртгэнэ. Зэрлэг амьтадтай ойр ажиллахад их сонин мэдрэмж төрдөг. Өдөр бүр шахуу дурандаж ажиглана. Ялангуяа өвөл бол ойрхон очиж харна даа. Тэгээд байнга нэг морьтой, нэг хувцастай очоод байхаар амьтад дасчихдаг юм байна лээ. Айдасгүй болдог гэх юм уу. Харин морь, хувцсаа солиод очихоор давхиад үргээд явчихна. Тэгэхээр амьтад хүнийг биш, дүр төрх, үнэр, хөдөлгөөнийг нь таньж дасдаг юм байна гэж ойлгосон. Нэг ёсондоо ээнэгшдэг байх. 

Төллөхийг нь хүртэл харна. Харин өөр хүн дагуулаад очих юм бол шууд үргээд явчихдаг. Тийм нарийн мэдрэмжтэй амьтад даа. Амьтад ийм амар амгалан байгаа нь хамгаалалтын ажилтай нягт уялдаатай гэж боддог.

Тусгай хамгаалалттай газрын дэглэм сахиулна гэдэг бол зөвхөн амьтнаа бүртгэж, хянах биш юм. Заримдаа хэцүүхэн ааш авиртай хүмүүстэй хэл зүйгээ олохтой ажил гардаг л юм. Энэ нь зарчимдаа үнэнч үлдэх том шалгуур болдог юм.

Шөнө нууцаар орж ирэх, ан хийх санаатай хүмүүс мэр сэр бий. Ялангуяа намар тарвага авлах зорилготой анчид их явдаг. Улаанбаатараас ч хүмүүс ирнэ. Бид нар болохгүй, хоригтой гээд буцаадаг. Зарим эсэргүүцэл үзүүлнэ. "Чи юу мэддэг юм, эндээс ганц хоёр тарвага авахад яадаг юм" гэх мэт зүйл ярина. Тэр болгонд нь бид хууль дүрмийг нь тайлбарлаж өгдөг. Тусгай хамгаалалттай газар учраас зөвшөөрөлгүй нэвтрэх, ан хийх, буу авч явах хориотой. Зөрчил гаргавал торгуультай гэдгийг ойлгуулна. Тэгээд ихэнх нь мэдсэнгүй, уучлаарай гээд буцдаг.

Улсын тусгай хамгаалалттай дархан газрын онгон бүсэд буу үүрэх, байшин барилга барих, нохой дагуулах, майхан барих, гал түлэх зэрэг үйлдлийг хуулиар хатуу хориглодог. 

Өөр нэг жишээ дурдахад, тэр нэг жил овооны тахилгаар нисдэг тэрэг бууж, аймаг орон нутгийн удирдлагууд, лам хуврагууд гээд маш олон хүн цугларсан юм. Хамгаалалтын бүс аль хэдийн хаалттай, дэглэмтэй байсан үе. Энгийн иргэдийн машин хаалганы цаана үлдэж, зөвхөн зөвшөөрөлтэй цөөн хэдэн машин л нэвтэрсэн. Гэтэл аймгийн маань засаг дарга ирээд хамт яваа улсуудтайгаа машинаар дээш өгсөнө гэдэг юм.

Эхэндээ эвээр, "Энэ бол хориглосон бүс. Дүрэм  журам хэн бүхэнд л ижил үйлчилнэ" гээд хориглолоо. Тэрийг хүмүүс дэгстүүлж, хувцасаа тайлж эсэргүүцсэн гэж ярьсан байсан л даа. Үнэн нь гэвэл, хориг хүлээж авахгүй байхаар нь "тэгвэл би ажлыг хийхгүй, та нар хий" гэсэн юм. Тэгээд засаг даргыгаа морь унуулаад дээш өгсүүлсэн. 

Энэ явдал бол энэ ариун дагшин газарт хууль, хамгаалалтын дэглэм бол албан тушаал, хөрөнгө мөнгөнөөс үл хамааран яг нэг зарчмаар хэрэгждэгийг л харуулсан хэрэг. Хэн байхаас үл хамааран байгаль эхийнхээ өмнө бид бүгд ижил үүрэгтэй шүү дээ.

Отгонтэнгэрийн орой руу гаръя гэсэн хүмүүс өмнө нь нэлээн байдаг байсан. Ялангуяа зуны улиралд хөдөлгөөн ихтэй. Уулын өөд өгсөхийг мөн л хориглосон. 2017 онд олон хүн амь насаа алдсан ослоос хойш хүмүүс жаахан ойлгож эхэлсэн. Ер нь ийм хайрхан руу дур мэдэн авирах нь буруу юм байна гэдгийг ойлгосон байх. Тэрнээс хойш багассан ч бүр байхгүй болоогүй. Сүүлийн үед ч гэсэн ар талаас нь, хад асгаар дамжаад гарчихсан тохиолдол ганц нэг бий. Тэрийг нь бид нар дараа нь л мэддэг.

Би тэтгэвэртээ гарсан ч байгаль хамгаалагчийн ажилтайгаа холбоотой хэвээрээ л байна гэж боддог. Яагаад гэвэл энэ ажил чинь зөвхөн цалин мөнгө биш, миний амьдралын утга учир болчихсон зүйл. Байгаль яг байгаагаараа байгааг харах, нэг туулай нэмэгдэх, нэг цэцэг дэлгэрэхийг ажиглах нь надад ажлын ачаалал биш, хамгийн том шагнал юм даа. 

Байгаль хамгаалагчаар ажилласнаараа, энэ байгаль гэдэг зүйл хүний өмч биш, харин хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ёстой ариун дагшин өв юм байна гэдгийг илүү их ойлгосон. 

Отгонтэнгэр хайрхан маань зөвхөн нүд баясгах үзэсгэлэнт байгаль биш, бидний хамтдаа хамгаалж үлдэх ёстой үндэсний үнэт өв юм. Тиймээс уул усандаа хүндэтгэлтэй хандаж, хог хаягдал үлдээхгүй, ховор ургамлаа гэмтээхгүй, байгаль хамгаалагчийн зөвлөмжийг мөрдөж явахыг хүн бүрээс хүсье. Байгаль эхээ хамгаална гэдэг нь өөрсдийнхөө ирээдүйг, үр хүүхдийнхээ оршин тогтнох үндсийг хамгаалж буй хэрэг юм шүү. Хайрхан минь мөнхөд онгоноороо, "Оройн чимэг" дуу минь энэ хөндийдөө мөнхөд цуурайтаж байх болтугай" хэмээн ярилаа.

Байгаль хамгаалагчийн дэлгэсэн энэ яриа тусгай хамгаалалтай газар нутаг бол үзэсгэлэн цогцолсон газар бус харин хамтдаа хайрлан хамгаалж, ирээдүйдээ энэ хэвээр нь үлдээх ёстой үнэт өв болохыг санууллаа. 

Тиймээс хайрхан уулаа зорихдоо хог хаягдал үлдээхгүй байх, байгалийн тогтоц, ховор экосистемийг гэмтээхгүй байх, хамгаалалтын дэглэм болон байгаль хамгаалагчийн зөвлөмжийг мөрдөх нь иргэн бүрийн хүлээх хариуцлага юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа55 минут 3 секундын өмнөАчаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв55 минут 59 секундын өмнөӨнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна57 минут 58 секундын өмнөТрамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй58 минут 53 секундын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана1 цаг 26 минутын өмнөЭрүүл мэндийн сайдын “хувийн” сан1 цаг 27 минутын өмнө"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"1 цаг 28 минутын өмнөHerbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе1 цаг 31 минутын өмнөАвто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ1 цаг 33 минутын өмнөГачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина1 цаг 34 минутын өмнөХөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна5 сар 4. 17:01Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ5 сар 4. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.