"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"


4-р сарын 29
16 цаг 29 минут

"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс харшлын эмч У.Саруултай ярилцлаа.


-Харшлын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Одоогийн байдлаар хамгийн түгээмэл тохиолдож буй харшлын төрлүүдийг та нэрлэвэл?

-Одоогийн байдлаар улирлын хамааралтай харшлын шинж тэмдэгтэй хүмүүс маш ихээр ирж байна. Тодруулбал, хотын тоосжилт, агаарын бохирдол, мөн модлог болон хогийн ургамлын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор улирлын шинж чанартай харшил ихсэх хандлагатай байна.

-Харшлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор үзлэгийн ачаалал нэмэгдэж байгаа байх. Таны хувьд өдөрт дунджаар хэдэн иргэнд үзлэг, оношилгоо хийж байна вэ?

-Үзлэгийн ачаалал их байгаа. Харшлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор эмнэлэгт хандах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 40–50 орчим хүнд үзлэг хийж байна.

-Харшлын шинж тэмдгийг ханиадтай андуурах тохиолдол байдаг. Эдгээрийг хооронд нь хэрхэн зөв ялгаж таних вэ?

-Хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах, нулимс гоожих, хоолой сэрвэгнэх, ойр ойрхон найтаах зэрэг шинж тэмдгүүд нь ихэвчлэн ургамлын гаралтай харшлын үед түгээмэл илэрдэг. Ийм үед хүмүүс анхандаа ханиад хүрсэн гэж андуурах нь элбэг.

Ялангуяа ахимаг насны хүмүүст удаан хугацаанд үргэлжилсэн хуурай ханиалгыг тоохгүй явсаар, сүүлд нь харшлын шалтгаантай байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хандах тохиолдол байдаг.

Ийм тохиолдолд бид харшлын сорил хийж, тухайн зовуурь үнэхээр харшлын шалтгаантай эсэхийг нарийвчлан тодорхойлдог.

-Ургамал, тоос тоосжилтын харшлаас гадна шинээр ямар төрлийн харшлууд нэмэгдэж байна вэ?

-Орчин үед тоос, тоосжилт, ургамлын гаралтай харшлаас гадна хоол хүнстэй холбоотой харшлын тохиолдол эрс нэмэгдэж байна. Ялангуяа хэт боловсруулсан бүтээгдэхүүн, нөөшлөгч бодис агуулсан хүнс, түргэн хоол, олон төрлийн амтлагч, нэмэлт бодис ихтэй хоол хүнс хэрэглэснээс шалтгаалсан харшил түгээмэл болсон. Эдгээрт агуулагдах химийн найрлагууд нь зарим хүмүүст харшлын урвал үүсгэх нь ихэсч байна.

Хоол хүнсний харшлын үед ихэвчлэн чонон хөрвөс хэлбэрээр илэрч, арьс улайж туурах, загатнах зэрэг шинж тэмдэг гардаг. Зарим тохиолдолд хурц хэлбэрээр илэрч, салст хавагнах, амьсгал бачуурах зэрэг ноцтой шинж илэрч, яаралтай тусламж шаардлагатай болдог.

Ийм үед тухайн харшил үүсгэгч хүнсийг дахин хэрэглэхгүй байх нь хамгийн чухал. Давтан хэрэглэснээр харшлын урвал улам хүндэрч болзошгүй. Хүүхэд болон насанд хүрэгчдийн харшлын хувьд тодорхой ялгаа бий. Хүүхдүүдэд харшил ихэвчлэн шинээр оношлогдож, хоол хүнсний харшил харьцангуй түгээмэл байдаг. Харин насанд хүрэгчдэд ургамлын тоосонцор, орчны нөлөөлөлтэй холбоотой харшил давамгайлахын зэрэгцээ олон төрлийн хавсарсан харшил илрэх нь элбэг. Ерөнхийдөө харшлын өвчлөл бүх насны хүмүүст нэмэгдэх хандлагатай байна.

Мөн харшил нь “гэнэт бий болдог” гэхээсээ илүү тухайн хүний дархлааны урвалтай холбоотой ойлголт юм. Өөрөөр хэлбэл, бие махбод тодорхой бодист хэт мэдрэг хариу үзүүлж байгаа хэлбэр. Зарим хүмүүс өмнө нь анзаараагүй явж байгаад хожим илрүүлдэг болохоос биш огт байгаагүй харшил шинээр үүссэн мэт ойлгох нь төдийлөн зөв биш юм. Иймд харшлын шинж тэмдэг илэрч байвал оношилгоо хийлгэж, харшил үүсгэгчээ тодорхойлуулан, тохирсон эмчилгээ, урьдчилан сэргийлэлт хийх нь хамгийн үр дүнтэй арга юм.

-Харшлын үед иргэд өөрсдийн дураар эм хэрэглэх нь их байдаг. Эмийн буруу хэрэглээ ямар сөрөг үр дагавартай вэ?

-Харшлын үед иргэд эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм хэрэглэх нь ноцтой сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Тухайлбал, “цагаан тариа” гэж нэрлэгддэг дааврын тариаг (кортикостероид) удаан хугацаанд, олон дахин хэрэглэснээс үүдэн дотоод шүүрлийн тогтолцооны алдагдал, дааврын тэнцвэргүй байдал үүсэж, улмаар олон эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт орох аюултай. Энэ төрлийн тариа нь тухайн үедээ харшлын урвалыг түр дарах нөлөөтэй тул зовуурь намдсан мэт санагддаг ч жинхэнэ эмчилгээ биш бөгөөд богино хугацааны үйлчилгээтэй байдаг. Үүнийг буруу ойлгон давтан хэрэглэснээр гаж нөлөө хуримтлагдаж, хүндэрсэн тохиолдолд ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэй.

Мөн хамрын битүүг түр намдаах зориулалттай зарим цацлагыг (деконгестант) удаан хугацаанд дур мэдэн хэрэглэх нь хамрын салст бүрхүүлийн бүтцэд өөрчлөлт оруулж, улмаар эмгэгшил үүсэх, бүр мэс заслын заалттай болох хүртэл хүндрэх эрсдэлтэй. Ийм төрлийн эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу, тодорхой хугацаанд хэрэглэх шаардлагатай.

Иймд харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дур мэдэн эм хэрэглэхээс зайлсхийж, мэргэжлийн эмчид хандаж зөв оношлуулан, тохирсон эмчилгээ хийлгэх нь чухал. Мөн харшлыг сэдрээгүй үед нь урьдчилан оношлуулж, угтуулан эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг.

-Өмнө нь ямар нэгэн харшлын шинж тэмдэг илэрч байгаагүй хүн ч гэсэн харшлын сорил өгч, өөрт нь харшил байгаа эсэхийг тодорхойлуулах боломжтой юу?

-Тийм боломжтой. Хэрэв тухайн хүн харшилтай эсэхээ урьдчилан мэдэхийг хүсвэл сорил өгч болно. Гэхдээ харшлын сорил хийхэд тодорхой эсрэг заалтууд байдаг тул бүх хүнд шууд хийх боломжгүй. Иймд эхлээд эмчид үзүүлж, мэргэжлийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр сорил хийх эсэхийг шийддэг.

-Харшлын хамгийн хүнд хэлбэр болох анафилаксын шок ямар үед үүсдэг вэ?

-Харшлын хамгийн хүнд хэлбэр нь анафилаксын шок бөгөөд энэ үед харшил үүсгэгч бодист маш хурц, системийн хариу урвал өгдөг.

Ингэхэд салстууд огцом хавагнах, амьсгалын зам нарийсах, улмаар амьсгал давчдах, боогдох шинж илэрдэг. Зарим тохиолдолд хэдхэн минутын дотор амь насанд аюултай байдалд хүрэх эрсдэлтэй.

Ийм хүнд урвал ихэвчлэн тодорхой харшил төрүүлэгчтэй шууд харьцсаны дараа, тухайн хүний бие маш хүчтэй мэдрэг үед илэрдэг. Тиймээс анафилаксын урвал нь харшлын хамгийн хурц, яаралтай тусламж шаарддаг хэлбэрт тооцогддог.

-Харшлын шинж тэмдэг илэрсэн үед иргэд өдөр тутамдаа юуг анхаарч, ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Харшлын шинж тэмдэг илэрсэн үед хамгийн түрүүнд хийх зөв алхам бол өөрөө дур мэдэн эм хэрэглэхгүйгээр эмчид хандаж, зөв оношлуулж зөвлөгөө авах юм. Учир нь харшил нь төрлөөсөө хамаараад эмчилгээ, дэглэм нь өөр өөр байдаг.

Ерөнхий зөвлөмжийн хувьд, улирлын харшил сэдэрч байгаа үед ургамлын тоос, тоосжилтоос аль болох зайлсхийх, гадаа удаан хугацаагаар байхаас татгалзах, амны хаалт хэрэглэх зэрэг хамгаалах арга хэмжээ авч болно. Мөн эмчийн заавраар тохирсон эмийн эмчилгээ хийлгэж, тогтмол хяналтад байх нь чухал.

Хот, орчны нөлөөллийн хувьд ургамлын хадах, цэвэрлэгээ зэрэг ажлуудыг зөв хугацаанд хийхгүй бол харшил сэдрэх нөхцөлийг нэмэгдүүлдэг. Тиймээс урьдчилан төлөвлөх, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах нь чухал байдаг. Мөн харшлын мэдээллийг цаг агаарын болон холбогдох мэдээллийн сувгуудаас авч, сэдрэлтэй үеийг урьдчилан мэдэх боломжтой.

Ургамлын гаралтай харшилтай хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл нь харшил сэдрэх үеийн нөхцөл байдлыг зөв таньж, түүнд тохирсон дэглэм баримтлах юм.

Ялангуяа ургамлын тоосонцор хамгийн их ялгардаг өглөө эрт болон үдээс хойш гадуур аль болох гарахгүй байх, зайлшгүй гарах шаардлагатай үед амны хаалт тогтмол хэрэглэх хэрэгтэй. Гадуур явсны дараа гэрт орж ирмэгц хувцсаа солих, биеэ цэвэрлэх, гэр орноо тогтмол цэвэрлэж тоосжилтоос хамгаалах нь чухал.

Мөн тухайн хүний харшилтай ургамлын төрөл, сэдрэх хугацаанаас хамаарч эмчээс өгсөн зөвлөгөө, эмийн эмчилгээг дагаж мөрдөх шаардлагатай. Харшлын улиралд амьдралын хэв маяг, дэглэмийг илүү анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх нь зовуурийг багасгахад тусалдаг.

Хоол хүнсний хувьд зарим бүтээгдэхүүн харшлыг сэдрээх нөлөөтэй байж болдог. Тухайлбал, зарим хүмүүсийн хувьд айраг, сүү зэрэг бүтээгдэхүүн хэрэглэсний дараа ургамлын харшлын шинж тэмдэг нэмэгдэх тохиолдол ажиглагддаг. Иймд тухайн хүний биеийн онцлогт тохируулан хоол хүнсний сонголт хийх нь чухал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа1 цаг 30 минутын өмнө"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"1 цаг 33 минутын өмнөН.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно1 цаг 34 минутын өмнөМонгол эмч “Шилдэг залуу судлаач"-ийн шагнал хүртжээ1 цаг 37 минутын өмнө₮600 мянгын хахууль авсан Д-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, ₮10 саяар торгожээ1 цаг 38 минутын өмнөНийслэлийн энэ жилийн I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 40 минутын өмнөИргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг системтэйгээр бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 45 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 47 минутын өмнөХаан Чарльз илтгэлдээ юуг онцлов?1 цаг 48 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган”-ыг цуцлав1 цаг 49 минутын өмнө2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна4 сар 28. 17:03Автобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ4 сар 28. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.