Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.04.22/-аас гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар танилцууллаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Багш нарын цалинг тавдугаар сарын 1-ээс 50 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Үүнээс гадна төрийн өмчийн 700 орчим сургууль, 1000 орчим цэцэрлэгийн багш нар НДШ-ийн 70 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. НДШ-ийн өрөнд орсон учраас 4000 гаруй багш жирэмсний тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Банкнаас зээл авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд орсон. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж, багш нарын бүх нэмэгдлийг тавдугаар сарын 1-нээс цалин дээр нь нэмж олгох шийдвэр гаргалаа. Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа. Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах талаар нарийн зохицуулалтыг орхигдуулсан. Мөн боловсролын салбарын хувьсах зардлын тогтолцоог эвдсэн. Хувьсах зардлын шинэ тогтолцоог нэвтрүүллээ. Цаашдаа цалингийн асуудал ярихгүй. Үр дүн гүйцэтгэлд суурилсан хувьсах зардлын нэмэгдлийг яриад явна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Улсын бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажил хийгдэж байна. Улсын бүртгэл иргэдэд эд хөрөнгийн бүртгэл, барьцаалбар зэрэг есөн төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иргэд эдгээр үйлчилгээг авахын тулд 3-5 удаа улсын бүртгэл дээр биечлэн очих шаардлага гардаг. Тоон мэдээллээр 2025 онд 1.2 сая улсын бүртгэл хийгдсэн байна. Үүнийг давхрдсан тоогоор нь авч үзвэл, 5 саяд хүрнэ. Энэ тооны ард үйлчлүүлэгч өдөр 2-3 удаа биечлэн очих шаардлага харагдаж байгаа. Зөвхөн барьцааны 255 мянга гэрээний бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа 55 хувийг эзэлж байна. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өгөгдөлд суурилсан, цахимаар бүртгэдэг байх тогтолцоог нэвтрүүлэхээр болж байна. Иргэн банкинд орон сууцаа барьцаанд тавихын тулд зургаан шат дамжлага дамждаг. Энэ шат дамжлагыг нэг болгож цөөрүүлнэ.

Сэтгэгдэл бичих