Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.04.13-2026.04.19)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 7.08 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.09 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Инновэйшн инвестмент ХК болон Монголын хөрөнгийн бирж ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
- Инвескор ББСБ ХК-ийн (INV) 29.6 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 10,240 төгрөгөөр буюу нийт 303.5 сая төгрөгөөр арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн индексүүд өсөлттэй хаагдлаа. TOP-20 индекс +0.97%, MSE A индекс +2.00%, MSE B индекс +0.52%-иар өссөн нь зах зээлд эерэг хандлага давамгайлсныг харуулж байна. Өсөлтөд өмнөх экс-дивидендийн дараах техникийн бууралтын дараах сэргэлт, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлууд үргэлжилж буйтай холбоотой тодорхой байдал нэмэгдсэн нь нөлөөлөв. Ялангуяа MSE A индексийн өсөлт нь том болон дунд зах зээлийн үнэлгээтэй компаниудын ханш илүү идэвхтэй сэргэснийг илтгэж байна. Үүнтэй зэрэгцэн олон улсын түвшинд Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах инвесторын форум, арга хэмжээнүүдийн идэвхжил нэмэгдэж байгаа нь зах зээлийн урт хугацааны сонирхлыг дэмжих суурь нөхцөл болж байна. Нийт дүнгээр, зах зээл богино хугацаанд сэргэлтийн үе шатанд шилжсэн дүр зураг ажиглагдлаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ДАВАМГАЙЛАЛ ХАДГАЛАГДАЖ БАЙНА
2026 оны эхний улирлын байдлаар Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 269.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 97.0 тэрбум төгрөгөөр буюу 56.2%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь зах зээлд санхүүжилтийн идэвхжил нэмэгдэж байгааг илтгэж байна. Нийт гүйлгээний 52.0% буюу 140.1 тэрбум төгрөгийг анхдагч зах зээл, харин 48.0% буюу 129.5 тэрбум төгрөгийг хоёрдогч зах зээл бүрдүүлсэн нь шинэ гаргалт, санхүүжилтийн үйл ажиллагаа зах зээлд өндөр жин эзэлж байгааг харууллаа.
Гүйлгээний бүтэц болон зах зээлийн хөдөлгөөнөөс дараах үндсэн хандлагууд ажиглагдаж байна:
- Анхдагч зах зээлийн давамгайлал: Шинэ гаргалт, санхүүжилтийн хэлцлүүд зах зээлийн өсөлтийг голлон тодорхойлж байна. Энэ нь зах зээл санхүүжилтийн суваг хэлбэрээр илүү идэвхтэй ашиглагдаж байгааг илтгэнэ.
- Хоёрдогч зах зээлийн сул оролцоо: Арилжааны идэвх өргөн хүрээнд тархаагүй, тодорхой сегментэд төвлөрсөн хэв шинжтэй байна.
- Хэлцлийн бүтэц өөрчлөгдөж байна: Арилжсан үнэт цаасны тоо хэмжээ буурсан нь жижиг, өргөн оролцоотой арилжаа багасаж, харин өндөр дүнтэй, институциональ шинжтэй хэлцлүүд давамгайлж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өсөлт нь оролцогчдын тоо нэмэгдсэнээс илүүтэй хэлцлийн хэмжээ томорсонтой холбоотой байна.
- Зах зээлийн тэнцвэржилт: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон бондын арилжаа өндөр жин эзэлж байгаа нь зах зээлд тогтмол өгөөжтэй хэрэгслийн эрэлт өндөр хэвээр байгааг илтгэнэ. Энэ нь эрсдэлээс зайлсхийх хандлага тодорхой хэмжээнд хадгалагдаж байгааг харуулж байна. Зах зээлийн нийт үнэлгээ жилийн дүнгээр өссөн ч богино хугацаанд буурсан үзүүлэлттэй байгаа нь өмнөх өсөлтийн дараах засвар явагдаж, зах зээл тэнцвэржих үе шатанд байгааг илтгэнэ.

Арилжсан үнэт цаасны тоо 111.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 58.4%-иар буурсан нь гүйлгээний өсөлт нь тоо хэмжээ бус, өндөр дүнтэй хэлцлүүдээр дэмжигдэж байна. Мөн TOP-20 индекс 2026 оны 3-р сард өмнөх оны мөн үеэс өссөн ч өмнөх сараас буурсан үзүүлэлттэй гарч, зах зээлд богино хугацааны засвар явагдаж байгааг илтгэж байна. Зах зээлийн нийт үнэлгээ 13.7 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр өссөн боловч сарын дүнгээр буурчээ.
Нийт дүнгээр, Монголын үнэт цаасны зах зээлд идэвхжил нэмэгдэж, санхүүжилтийн функц тодорхой хэмжээнд бэхжиж байгаа ч өсөлт нь өргөн суурьтай биш, анхдагч зах зээл болон өндөр дүнтэй хэлцлүүдэд төвлөрсөн хэв шинжтэй хэвээр байна. Цаашид тогтвортой өсөлтийг хангахын тулд хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын баазыг өргөжүүлэх шаардлага хэвээр байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД: ӨСӨЛТ ХАДГАЛАГДСАН Ч БҮТЦИЙН СОРИЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын эдийн засагт өсөлт, идэвхжил тодорхой хэмжээнд хадгалагдсан боловч салбар хоорондын тэнцвэргүй байдал, дотоод эрэлтийн саармаг байдал зэрэг бүтэцтэй холбоотой сорилтууд үргэлжилсэн хэвээр байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад гадаад секторын гүйцэтгэл сайжирч, мөнгө, санхүүгийн нөхцөл тэлсэн нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг илтгэж байгаа бол нийгмийн болон хүн амын үзүүлэлтүүдэд тодорхой сорилтууд ажиглагдлаа.
ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮРҮҮД
Гадаад худалдаа тэлэв
- Нийт бараа эргэлт: +32.5% YoY
- Экспорт: +62.3% YoY
- Импорт: -2.7% YoY
Аж үйлдвэрийн салбар огцом өсөв
- Нийт үйлдвэрлэл: +61.2% YoY
- Уул уурхай: +74.2% YoY
- Цахилгаан, эрчим хүч: +46.7% YoY
Мөнгө, санхүүгийн үзүүлэлтүүд тэлэв
- Мөнгөний нийлүүлэлт: +21.3% YoY
- Зээлийн үлдэгдэл: +16.6% YoY
- Иргэдийн зээл: +17.7%, ААН зээл: +20.7%
Гадаад худалдааны үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирч, нийт бараа эргэлт жилийн дүнгээр 32.5%-иар өссөн байна. Үүн дотроо экспорт 62.3%-иар огцом нэмэгдсэн нь өсөлтийн гол эх үүсвэр болж, харин импорт 2.7%-иар буурсан нь дотоод эрэлт харьцангуй хязгаарлагдмал хэвээр байгааг илтгэнэ. Үүний үр дүнд худалдааны тэнцэл сайжирч, гадаад сектор эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн хүчин зүйл хэвээр байна.
Мөнгө, санхүүгийн салбарт мөнгөний нийлүүлэлт 21.3%-иар, зээлийн үлдэгдэл 16.6%-иар өссөнөөр санхүүгийн системийн тэлэлт үргэлжилж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байна. Ялангуяа аж ахуйн нэгж болон иргэдийн зээлийн өсөлт үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулалт болон хэрэглээг тодорхой хэмжээнд дэмжиж байгаа бол нөгөө талаас анхаарал хандуулах зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь активын чанарт тодорхой дарамт үүсэж байгааг илтгэж байна.
ҮНИЙН ДАРАМТ БА ИНФЛЯЦ
- Хэрэглээний үнийн индекс (CPI): +7.4% YoY
- Хүнсний үнэ: +13.9% YoY
- Үйлдвэрлэгчийн үнийн индекс (аж үйлдвэр): +16.7% YoY
Инфляцын хувьд хэрэглээний үнийн индекс 7.4%-иар өссөн бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 13.9%-иар өссөн нь голлон нөлөөлжээ. Үйлдвэрлэгчийн үнийн индексийн өсөлт мөн өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь зардлын дарамт нийлүүлэлтийн талаас нэмэгдэж байгааг харуулж байна.
ТӨСӨВ БА ТӨРИЙН САНХҮҮ
- Төсвийн орлого: +11.9% YoY
- Төсвийн зарлага: +17.9% YoY
- Тэнцвэржүүлсэн тэнцэл: алдагдал нэмэгдсэн
2026 оны эхний улиралд улсын нэгдсэн төсвийн орлого, тусламж 7.2 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн орлого 2.5%-иар өссөн бол нийт зарлага, цэвэр зээл 17.9%-иар огцом нэмэгдэн 7.7 их наяд төгрөгт хүрч, улмаар 1.4 их наяд төгрөгийн алдагдал үүссэн байна. Зарлагын өсөлтөд хөрөнгийн зардал, бараа үйлчилгээ болон урсгал шилжүүлэг голлон нөлөөлсөн бол татварын орлого бага хэмжээгээр өссөн ч орлогын албан татвар болон онцгой албан татвар буурсан нь орлогын бүтцэд сул тал байгааг харуулж байна. Нийт дүнгээр орлогоос давсан зарлагын өсөлт нь эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжиж байгааг илтгэхийн зэрэгцээ фискал дарамт нэмэгдэж буйг харуулж байна.
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний улиралд өсөлтөө хадгалсан хэдий ч энэхүү өсөлт нь гадаад сектор болон уул уурхайн салбарт төвлөрсөн хэвээр байна. Дотоод эрэлтийн идэвхжил харьцангуй хязгаарлагдмал, инфляцын дарамт хадгалагдсан, төсвийн тэлэлт нэмэгдсэн нөхцөлд эдийн засгийн өсөлтийн бүтэц болон салбар хоорондын тэнцвэржилт цаашид анхаарал татах хүчин зүйлс хэвээр байна.

Сэтгэгдэл бичих