УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар өнөөдөр /2026.04.16/ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Монгол Улсын парламентын түүхэнд гунигт өдөр тохиож байна. Ерөнхийлөгчийн засаглалтай юу, парламентын засаглалтай юу гэх төөрөгдөл сүүлийн хэд хоног үргэлжиллээ. Парламентад хүндэтгэлгүй, дээрэнгүй, ёс зүйгүй хандсан хэлэлцүүлгүүд боллоо. Энэ хуулийн төслийг олон нийт, мөн олон улсын байгууллагууд, тэр дундаа парламентад суудалтай таван намын дөрөв нь эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд байхад хүч түрж, санал хураалтад орсон гишүүдийг учир битүүлгээр ирүүлсэнгүй. Магадгүй заримд нь хэрэг үүсгэж байх шиг байна. Сүүлийн долоо хоногт парламентын гишүүдэд хэрэг үүсгэж байгаа нь анзаарагдсан. Дэмжиж санал өгч байгаа гишүүдийн тодорхой хувь нь Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэгдэж байна.
Мөн УИХ-ыг хамгаалах ёстой УИХ-ын дарга илт нэг талыг барьж, парламентын үндсэн жишгээс долоон саналыг хойшлуулсан. Маш их ажиллагаа явуулж, УИХ-ын гишүүдийг дарамталсан, саналд нөлөөлсөн асуудлууд ил тод гарсан. Цаашдаа Монгол Улсын газар нутагтай холбоотой, мөн засаглалын хэм хэмжээтэй холбоотой ийм чухал шийдвэр дээр УИХ-ын гишүүд өөрийн үзэл санаагаа илэрхийлж, санал өгөхөөс айдаг болно.
Өчигдөр гаргасан Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “Би бол 3.5 сая иргэнээс сонгогдсон. УИХ-ын гишүүд бол зөвхөн тойргоос сонгогдсон” гэж хэлсэн. Нэг үгээр парламентын дээр Ерөнхийлөгч байгаа гэдгийг илэрхийлж байгаа нь Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай гэж хэлж байгаа хэрэг юм. Энэ байдал олон жил далд хэлбэрээр явж байсан бол одоо ил тод болж байна.
Тиймээс парламентын засаглал бол ардчиллын баталгаа. Парламентын засаглал дээр л хүмүүс өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлдэг. Олон ургальч үзэл дундаас нийгмийн тэнцвэрийг олох боломжийг олгодог. Энэ утгаараа парламентын гишүүдийн үзэл санаа, дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг хамгаалдаг. Гэтэл өнөөдөр энэ эрхэнд Ёс зүйн хороо, Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц зэрэг байгууллагуудаар дамжуулан, Ерөнхийлөгчийн гарт төвлөрсөн эрх мэдлээр нөлөөлөх оролдлого явагдсан.
Хэрэв энэ хууль батлагдвал Монгол Улсын парламент чив чимээгүй бүтэц болно. Ямар ч үзэл санаагүй, үг хэлэх нэг ч гишүүнгүй болно. Өнөөдөр УИХ таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй байж, нүдэн дээр Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж байхад үүнийг эсэргүүцэж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсаны дараа бүр нэг хүнийг тахин шүтсэн парламент болно.
Хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улсын хувьд энэ бол мөхөл юм. Сүүлийн 10 сарын хугацаанд парламентын засаглалд маш бүдүүлгээр халдлаа. Өмнө нь хэзээ ч тагнуулын байгууллага УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсанаас болж эрүүгийн хэрэг үүсгэж байгаагүй. Энэ бол парламент руу халдсан аймшигт үйлдэл. Хэзээ ч хуулийн төсөл оруулж ирж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан парламентад ийм дээрэнгүй хандаж байгаагүй. Энэ нь Монгол Улсын парламент ямар байдалд орсныг харуулж байна.
Өнөөдрийн санал хураалт бол Үндсэн хууль зөрчсөн санал хураалт. Ийм санал хураалтыг Ерөнхийлөгч оруулах эрхгүй. 2019 оноос хойш Ерөнхийлөгчийн тухай хуульгүй явж байна. Ардчилал, парламентын засаглал гэдэг бол тэнгэрээс буудаг зүйл биш, тэмцэж олж авдаг үнэт зүйл. Дуу хоолойгоо хязгаарлуулж байгаа нь өөрийн чинь арчаагүй шийдвэр. Ирээдүйд үр хүүхэд чинь амьдрах болно. Монгол Улс аажмаар дарангуйлалд орж байна. Монгол Улсын түүхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт шиг УИХ-ын халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийсэн хүн байхгүй. Парламентыг “хадган дээр тавиад” Ерөнхийлөгчид аваачиж өгсөн хамгийн ичгүүртэй, түүхэнд хар толбо үлдээсэн спикер. Бүх зүйлийг залиар явуулдаг энэ арчаагүй аргаасаа салах хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл бичих