
Дэлхийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч “Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1976 онд Калифорни муж улсад нэгэн гараашнаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өдгөө хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн аварга корпорац болон өргөжжээ.
Воз нэрээрээ алдаршсан Америкийн зохион бүтээгч, электроникийн инженер, программ зохиогч Стив Возниак компьютерын хэлхээний хавтан зохион бүтээж, түүнийг нь найз Стив Жобс нь бизнес болгон хөгжүүлэх боломжийг олж харснаар “Apple” компани үүсэж байсан түүхтэй. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд тус компани анхны ширээний компьютер, ухаалаг гар утсыг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, программ хангамж болон техник хангамжийн төгс зохицлыг бий болгосноор орчин үеийн технологийн салбарт хувьсгал хийсэн юм.
Гэвч 50 жилийн ойн босгон дээр “iPhone” үйлдвэрлэгч компани хиймэл оюуны эрин үед байр сууриа хадгалж үлдэх томоохон сорилттой тулгарч байна. “Alphabet”, “Microsoft” зэрэг өрсөлдөгч компаниуд нь хиймэл оюуны салбарт олон тэрбум долларын хөрөнгө оруулж, тэргүүлэх байр суурийн төлөө өрсөлдөж эхэлжээ.
Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сард “ChatGPT” гарч ирснээс хойш “Apple”-ийн хувьцааны өсөлт технологийн салбарын “Шилдэг долоон” (Magnificent Seven) компани дундаа хамгийн тааруу үзүүлэлттэй байгааг шинжээчид онцолж байна.
Тус компани 2017 оноос хойш чипэндээ машин сургалтын технологи ашиглаж байгаа ч “Siri” ухаалаг туслахыг шинэчлэх ажил удааширсан нь хиймэл оюуны хэрэглээний шинэ давлагаанд бэлтгэлгүй байсныг илтгэж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Мөн “OpenAI” зэрэг компаниуд ухаалаг гар утасны ноёрхлыг халах шинэ төрлийн төхөөрөмжүүд бүтээхээр төлөвлөж байгаа юм.
Хэдийгээр өрсөлдөөн ширүүсэж байгаа ч “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй хэвээр байна. Шинэ загварын iPhone 17 цувралын борлуулалт өнгөрсөн оны сүүлийн улиралд компанийн ашгийг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн бол 599 ам.долларын үнэтэй, хамгийн хямд зөөврийн компьютер болох “MacBook Neo” зах зээлд амжилттай нэвтэрчээ.
“Apple компани өнгөрсөн 50 жилд өөрийн гэсэн цогц бизнес загвараар ямар ч өрсөлдөгчгүй ноёрхож ирсэн. Харин ирэх 50 жилийн хувь заяа хиймэл оюун ухааны салбарт хэрхэн ажиллахаас, түүнчлэн "OpenAI" тэднийг гүйцэж түрүүлж чадах эсэхээс шууд хамаарна” хэмээн технологийн салбарын хараат бус шинжээч Бен Томпсон ярилаа.

Сэтгэгдэл бичих