Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Туулын хурдны зам баригдах байршилд иргэдийг цуглуулж, уг төслийг гацаах гэж буй хүмүүсийн талаар эсрэг мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Туулын хурдны зам төслийг зогсоох гэж буй олигархиудтай хамт тэмцэхийг та бүхэнд уриалж байна. Энэ улс төрчид хулгайн явдалтайгаа тэмцдэггүй юм гэхэд ядаж түгжрэлгүй болгоход юу саад болоод байгаа вэ.
Энэ улсыг хөгжүүлэхгүй, ард түмнийг ядуу байлгах сонирхолтой террорист бүлэглэлүүд байна. Эрдэнэтийн ард түмний олон тэрбум төгрөгийг хулгайлсан хулгайчид өнөөдөр баян цатгалан байна. Туул голдоо тийм хайртай байсан юм бол энэ олон бетон ширэнгийг барьж байхад зогсоохгүй яасан юм.
Бүгдээрээ үнэн байцгаая. Өнөөдөр төрийн бүх нууц мэдээллийг Эмүжин гэж хүүхэн олон нийтэд задалдаг боллоо. Лут-Очир гэж авлигын хэрэгт ял шийтгүүлж байсан нөхөр яваад байгаа. 2015 онд АСЕМ вилла-ийн дулааны шугамыг татахын тулд Туулын урсцыг бүтэн хавар тасалж байсан нөхөр хайртай байх уу.
УИХ юу хийж байгааг ойлгохоо болилоо. Би УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан. Энэ парламент сүүлийн хоёр жил дөрөвхөн ажил хийлээ. Нэгт Засгийн газар унагаах ажил. Засгийн газрыг хамгаалах кноп дарсны төлөө олон арван тэрбум төгрөгийн авлига авдаг яриа ордноор битүү явж байна. Хоёрт өөрийнхөө тойрогт авлигын шинжтэй барилга байшин тавих төсөв баталдаг ажил.
Гуравт гадаад дотоодод зугаалах. УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд 28 удаа гадаад томилолтоор явсан. Туулаа аваръя гээд хамгийн түрүүнд ярьж байгаа хүн бол урвагч. С.Цэнгүүний аав нь Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга бариад бохир халихаар Туул гол руу цутгадаг. Ийм хүн Туул голоо аврах уу. Бүгд худал хуурмагийн туйл.
МУИС-ийн реактор асан Ганцог биднийг хүүхэд байхад Сэлбийн эрэг дээр байсан Залуу байгальчдын станцыг Эм Си Эс-д зарж, Сэлбэ хотхон болгож баяжсан хүн. Өнөөдөр түүний охин Туулаа аваръя гээд явж байна, энэ ариун явдал уу.
Тиймээс Нийслэлийн намын даргын хувьд луйварчидтай, атаархагчидтай ясаа цайтал тэмцье. Энэ 10 хүрэхгүй хүмүүсийн ажлын байрны гадна талд 100, 100-аар очиж эсэргүүцье. Хөгжлөө аваръя" гэв.

Сэтгэгдэл бичих