Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүгийн урилгаар Францын парламентын дээд танхим болох Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэ тэргүүтэй гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов.

Элчин сайд У.Нямхүү гал морин жилийн мэндийг дэвшүүлж Монгол-Францын хооронд дипломат харилцааны нэгэн жарны хугацаанд хоёр талын улс төрийн харилцаа дээд түвшинд хүрч, олон салбар чиглэлд амжилттай өрнөж буйд парламентын хамтын ажиллагаа чухал байдгийг талархан тэмдэглэжээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажил, томоохон төслүүд эхнээсээ бодит ажил хэрэг болж хэрэгжихэд Франц, Монголын парламент дахь найрамдлын бүлгийн дарга нарын идэвх, гишүүдийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлснийг тус ЭСЯ-наас мэдээллээ.
Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Филип Мүеэ халуун дотноор хүлээн авч ажил хэрэгч яриа өрнүүлсэнд Элчин сайд У.Нямхүү, ЭСЯ-ны хамт олонд хариу талархал илэрхийлээд, хоёр орны харилцааг бүх салбарт өргөжүүлэх, олон талт үйл ажиллагааг найрамдлын бүлгийн гишүүд дэмжин ажиллахаа тэмдэглэсэн байна. Мөн талууд хоёр орны нийгэм, эдийн засгийн байдал, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Сэтгэгдэл бичих