Монгол Улсын хэмжээнд залилангийн гэмт хэрэг, тэр дундаа цахим залилан нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэний гуравны нэг буюу 16,906 нь залилах гэмт хэрэг байна. Тэгвэл 2026 он гарсаар энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа, цахим залилангаас хэрхэн сэргийлэх талаар Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үеийн статистик мэдээллээс харвал залилангийн гэмт хэрэг, тэр дундаа цахим залилан огцом өсөх болсон байна. Үүний гол шалтгаан нөхцөл нь юу байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад ямар түвшинд байна?
-Цагдаагийн байгууллагын статистик мэдээллийг харахад, энэ он гарснаас хойш нийт 10,267 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнээс залилангийн гэмт хэрэг нэлээн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 3,844 залилах төрлийн хэрэг бүртгэгдсэний 37.4 хувь нь дан цахим залилан эзэлж байна.
Бид энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд, залилах гэмт хэрэг 25.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ялангуяа цахим орчинд үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 85.7 хувь нь буюу 2,676 нь зөвхөн залилангийн хэрэг байгаа нь анхаарал татаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа гол шалтгаан нь техник, технологийн хурдацтай хөгжилтэй шууд холбоотой. Өнөөдөр иргэдийн хэрэглээ цахимжиж, бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болсон. Яг үүнийг дагаад залилагчид ч гэсэн арга барилаа цахим орчин руу бүрэн чиглүүлж байна. Тиймээс л цахим залилангийн тоо ийнхүү өсч байгаа хэрэг юм.
-Өнөөдрийн байдлаар яг ямар төрлийн залилангийн хэргүүд хамгийн их үйлдэгдэж байна вэ?
-Гурван төрлийн цахим залилангийн хэрэг давамгайлж байна. Тодруулж хэлбэл, онлайн худалдаатай холбоотой залилан хамгийн их бүртгэгдэх болсон. Иргэд сошиал орчноос бараа бүтээгдэхүүн захиалахдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлж, улмаар залилуулж өөрсдийн данс дахь мөнгөө алдаж байна. Удаах нь, хуурамч сугалаа буюу лайв хэлбэрээр явагддаг залилангууд байна. Жишээ нь, уурхайн үнэт чулуу ялган авах гэх мэт нэрээр иргэдийг татан оролцуулж, хохироодог тохиолдол цөөнгүй байна. Гуравдугаарт, энэ оны нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн, одоог хүртэл өндөр бүртгэгдэж байгаа шинэ төрлийн залилан байна. Энэ нь томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газруудын нэрийг барьж үйлдэгддэг. Тухайлбал, “Пицца Хат” “Кэй Эф Си” зэрэг сүлжээ ресторануудын нэрийг ашиглан “50-60 хувь хямдарлаа, доорх линкээр орж захиалгаа өгөөд, төлбөрөө төлнө үү” гэсэн хуурамч линк байршуулж байна. Иргэд тэрхүү линкээр нь ороход үндсэн сайттай нь маш төстэй зураг, лого, нэр ашигласан байдаг тул төлбөр төлөх хэсэгт банкны мэдээллээ оруулчихдаг. Яг энэ үед залилагчид тухайн иргэний хувийн болон банкны мэдээллийг хуулж аваад, өөр төхөөрөмжөөс нэвтэрч дансан дахь үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэн авч байна.
Хэрэв тухайн иргэн хадгаламжийн болон бусад данстай бол тэдгээр мөнгийг нь ч мөн татаж авдаг маш хортой аргаар үйлдэгдэж байгаа цахим залилан юм.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хэргийг дотоодоос үйлдэж байна уу, эсвэл хилийн чанадаас үйлдэж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Шинэ төрлийн залилан гарч ирээд удаагүй байгаа тул данс битүүмжлэх болон мөрдөн шалгах ажиллагаанууд одоо яг идэвхтэй үргэлжилж байна.
-Та хилийн чанадаас үйлдэгдэж байх магадлалтай гэж хэллээ. Тэгвэл эдгээр цахим халдлага яг аль улсаас голлон ирж байна вэ. Олон улсын хэмжээнд тогтоогдсон тодорхой бүс нутаг байгаа юу?
-Гэмт хэргийг бүс нутгийн хувьд авч үзвэл, ер нь дотоод уу эсвэл гадаад уу гэдгийг бид нарийвчлан тогтоодог. Миний түрүүн дурдсан уурхайн үнэт чулуу ялган авах болон хусдаг сугалаатай холбоотой залилангийн хэргүүд ихэвчлэн БНХАУ-аас буюу хилийн чанадаас үйлдэгдэж байна. Эдгээр хэргүүд нь сошиал орчинд маш идэвхтэй явагдаж байгаа бөгөөд гадаадаас зохион байгуулалттайгаар манай иргэдийг чиглэн үйлдэгдэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа юм.
-Залилагчид өдөр ирэх тусам л шинэ арга сэдэж, цахим хэрэглээндээ төдийлөн дадаагүй иргэдийг голчлон онилж байна шүү дээ. Тэгвэл иргэд цахим халдлагын бай болохгүйн тулд яг ямар алхмуудыг хэвшил болгох ёстой вэ?
-Ерөнхийдөө залилагчид үндсэн хоёр төрлийн арга барил ашиглаж байна. Нэгдүгээрт, иргэдийг яаруулж, урьдчилгаа төлбөр авах арга. Тухайлбал, “Таны сонирхсон бараа ганцхан үлдлээ”, эсвэл “Өнөөдөр хямдрал дуусна” гэх мэтээр сэтгэл зүйн шахалт үзүүлж, иргэдийг төөрөгдүүлэн урьдчилгаа төлбөр авдаг.
Мөн үүний нэг хэлбэр нь хусдаг сугалаа юм. Иргэдэд их хэмжээний мөнгө хожлоо гэж итгүүлээд, тухайн мөнгөө бүтнээр нь авахын тулд хожлынхоо 10 хувийг урьдчилж шилжүүлэх ёстой гэж хуурдаг. Жишээ нь, 100 сая төгрөг хожсон бол 10 саяыг нь манай данс руу шилжүүлж байж хожлын мөнгөө авна гэх мэтээр иргэдийг залилж байна.
Хоёрдугаарт, линкээр дамжуулан банкны болон хувийн мэдээллийг нь хулгайлах арга. Залилагчид “Та тэтгэмж авах боллоо”, “Их хэмжээний мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой байна” эсвэл “Бараа бүтээгдэхүүн хэт хямдарлаа” гэсэн хуурамч мэдээллийг линкээр дамжуулан илгээдэг.
Иргэд тухайн линк рүү орж хувийн болон дансны мэдээллээ оруулмагц залилагчид тэрхүү мэдээллийг нь ашиглан өөр төхөөрөмжөөс нэвтэрч, дансыг нь хоосолдог. Тиймээс иргэд цахим орчинд янз бүрийн сугалаа, лайвд оролцохдоо маш хянуур байх хэрэгтэй. Хэрэв танаас ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр нэхэж л байгаа бол энэ нь залилан гэдгийг хамгийн түрүүнд анхаарах ёстой юм.
-Цахим залилан хийсэн хүнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгээр зохицуулдаг. Тодруулбал, тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилсан бол 450-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-өөс 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэнэ гэж заасан байдаг. Эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Харин энэхүү гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралынхаа эх үүсвэр болгосон бол хуулийн хариуцлага хүндэрч, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд залилангийн үйлдлээ хэдэн удаа хийснээс хамаарч ял шийтгэл нь ийнхүү хүндрээд явдаг зохицуулалттай юм.
-Залилагч этгээдийн данс нь тодорхой байхад залилагчдыг барихад юу нь тийм хэцүү байдаг юм бэ? Хэргийг шийдвэрлэх процесс яагаад ингэж удаан үргэлжилдэг вэ?
-Иргэдийн дунд нэг нийтлэг ойлголт төрсөн байдаг. Залилагчийн мөнгө авсан данс нь тодорхой байхад яагаад барьж болдоггүй юм бэ гэсэн асуулт их гардаг. Үнэндээ мөнгө орсон дансыг хөөж, эзэмшигчийг нь тогтоох маш амархан. Гэвч асуудлын гол нь тухайн дансны эзэн нь жинхэнэ залилагч биш, ердөө л дансаа бусдад ашиглуулсан нэгэн байдагт л хамаг хүндрэл оршиж байгаа юм.
Тодруулж хэлбэл, залилагчид мөнгө угаахдаа үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Нэгдүгээрт, тэд маш олон хохирогчийн мэдээллийг цуглуулж байгаад, хохирогчоос хохирогчийн данс руу мөнгийг нь дамжуулан эргэлдүүлдэг.
Хоёрдугаарт, иргэдийн хууль эрх зүйн мэдээлэл дутмаг байдлыг ашиглан тэдний дансыг 100-200 мянган төгрөгөөр урт болон богино хугацаанд түрээсэлж авдаг. Ингэж хэд хэдэн данс эргэлдүүлж мөнгөө эцэст нь крипто валют болгох эсвэл бэлэн мөнгөний экспи (XP) данс руу хийж гаргаж авдаг тул жинхэнэ эзнийг нь олж тогтооход мөрдөн шалгах ажиллагааны маш их цаг хугацаа шаардагддаг. Мөн иргэд цагдаад өгөөд байхад хэрэг шийдэгдэхгүй удаад байна гэж шүүмжилдэг. Гэвч хуулийн дагуу хэрэг шийдвэрлэх процесс нь цагдаа, прокурор, шүүх гэсэн заавал дамжих ёстой гурван шатлалтай. Цагдаагийн байгууллага баримт нотолгоогоо бүрдүүлж дууссаны дараа прокурорын хяналтад шилжүүлж, тэндээсээ шүүх рүү шилждэг ийм дамжлагатай юм. Дээрээс нь нэг залилагч этгээд ганц биш, маш олон үйлдлээр буюу 10, 20, бүр 30 хүнийг зэрэг залилсан байх тохиолдол элбэг. Эдгээр хэрэг болгоныг нэг бүрчлэн шалгаж, нэгтгэн мөрдөхөд хугацаа ордог гэдгийг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй байна.
-Өнгөрсөн жил гэмт хэргээс болоод хүмүүс хэр их мөнгөөр хохирсон бэ. Тэр мөнгөө эргүүлж авч чадсан болов уу?
-Тоон мэдээллээс харахад, 2025 онд улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас нийт 694.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс бид 281.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж чадсан. Энэ нь нийт учирсан хохирлын бараг 40 орчим хувийг нөхөн төлүүлсэн гэсэн үг юм. Мөн үүний зэрэгцээ хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн.
-Залилагчид иргэдийн дансыг ашиглан хэргээ үйлддэг гэлээ. Тэгвэл дансаа ашиглуулах нь ямар аюул дагуулж байгаа вэ?
-Иргэд дансаа бусдад ашиглуулах нь өөрийгөө маш том эрсдэлд оруулж буй хэрэг юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрийтэй тоглоом зохион байгуулагчид дансаа ашиглуулсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болсон. Одоо бид дараагийн алхам буюу залилангийн хэрэгт дансаа ашиглуулсан бол дансны эзэнд нь мөн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн өөрчлөлтийн саналыг хүргүүлээд байна.
Мөн тоо баримт харвал, өнгөрсөн жилийн нийт залилангийн хэргийн 89.2 хувь нь иргэдийн 30 мянга гаруй дансыг ашиглаж үйлдэгдсэн байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт.
Тиймээс цагдаагийн байгууллагаас зөвхөн хэргийг илрүүлэх биш, залилагчдад ‘ашиггүй орчин’ бүрдүүлэх тактик барьж байна. Өөрөөр хэлбэл, тэдний ашиглаж буй данс, цахим платформ, орлогын бүх сувгийг нь шууд хаах замаар гэмт хэргийг үндсээр нь таслан зогсоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих