Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг хууль батлагдсанаар шүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах нөхцөл бүрдэх юм байна.
Иймд уг хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллах болно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцлов. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг 26 зүйлтэй дагалдаад Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг нийт дөрвөн хуульд өөрчлөлт орох юм байна.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих цогц зохицуулалтыг тусгасан бөгөөд шүгэл үлээгчийг мэдээлэл гаргасан мөчөөс эхлэн хамгаалалтад авах, мөн түүний эрх зүйн баталгааг нь бүрэн хангахаар тусгажээ.
Хуулийн төсөлд шүгэл үлээгчийн нэр, хувийн болон түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хатуу хориглож, ажлаас халах, албан тушаал бууруулах, цалин урамшууллыг хасах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг өс хонзон, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглосон байна. Мөн шүгэл үлээгч болон түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд тусгай хамгаалалтын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, шүгэл үлээгчийг бодитоор дэмжих зорилгоор урамшууллын тодорхой, ил тод механизмыг хуульчилж, мэдээллийн үр дүнд хууль бус хөрөнгө хураах, торгууль, нөхөн төлбөр оногдуулах, эсхүл нийтийн ашиг сонирхолд учрах хохирлоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Урамшууллын хэмжээ нь хураан авсан хөрөнгө, оногдуулсан торгох ялын хэмжээнээс хамаарч нэг саяас таван тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоосон нь шүгэл үлээгчийн оролцоог бодитоор үнэлэх шинэ механизм болж байгаа аж.
Түүнчлэн, шүгэл үлээгчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулж, алдагдсан цалин, орлого, ажлын байртай холбоотой хохирол, нэр төр, алдар хүндийн болон сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцааны зардлыг нөхөн төлөхөөр тусгасан нь мэдээлэгчийг хамгаалах бодит баталгаа болно гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд айдасгүйгээр хууль бус үйлдлийг мэдээлэх нөхцөл бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох, ил тод, хариуцлагатай нийгмийн тогтолцоог бэхжүүлэх суурь бүрдэх юм байна.

Сэтгэгдэл бичих