Хүн төрөлхтний аз жаргалд тэмүүлэх нийтлэг хүсэл эрмэлзлийг дэмжих, амьдралд аз жаргал, сэтгэл ханамж чухал гэдгийг таниулан ойлгуулах зорилготой Олон улсын аз жаргалын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан судалгааны хоёр байгууллага улс орнуудын аз жаргалын түвшний талаарх судалгааныхаа дүнг танилцуулжээ.
Тодруулбал, Оксфордын их сургуулийн Аз жаргал, сайн сайхан байдлыг судлах шинжлэх ухааны төвөөс “Дэлхийн аз жаргалын талаарх тайлан”-гаа (The World Happiness Report) танилцуулсан бол маркетинг, судалгааны компани болох “Ipsos” улс орнуудын аз жаргалын түвшний талаар хийсэн жил тутмын судалгаагаа нийтэлсэн байна.
Оксофордын их сургуулийн судлаачид ес дэх жилдээ дараалан Финландыг дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар нэрлэлээ. Мөн Исланд, Дани гэсэн Скандинавын орнууд урьдын адил дэлхийн хамгийн аз жаргалтай гурван орны тоонд багтсан бол Швед, Норвег улсууд тав, зургадугаар байрт оржээ.

Скандинавчуудын сэтгэлгээний онцлог, дээрх орнуудын нийгмийн халамжийн тогтолцоо нь иргэдийн сайн сайхан байдалд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг эрдэмтэд онцолсон байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан сүүлийн 15 жилийн турш дэлхий даяарх аз жаргалын түвшний талаарх судалгааг жил бүр хийж буй "Ipsos" компани энэ онд дэлхийн 29 орны 16-74 насны 23 мянга гаруй хүнийг судалгаандаа хамруулжээ. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзжээ. Жагсаалтын тэргүүн байранд Индонез орсон бөгөөд Зүүн Өмнөд Азийн энэхүү улсад судалгаанд оролцогчдын 86 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзсэн байна. Тус улсын араас Нидерланд, Мексик улсуудын иргэд бичигджээ. Аз жаргалын индексээр хамгийн бага үзүүлэлттэй орнуудын тоонд Унгар (54 хувь), Өмнөд Солонгос (57 хувь) болон Турк (59 хувь) орсон байна. 2011 оны судалгаатай харьцуулахад Турк улсад аз жаргалтай хүний тоо хамгийн ихээр буюу 30 нэгж хувиар буурсан байна.
Ipsos-ийн судлаачдын хэлснээр, их орлоготой ахмад настнууд өөрсдийгөө хамгийн аз жаргалтай гэж үздэг нь дэлхий даяар ажиглагдаж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих