![]()
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн оны 12 дугаар сард дэд сайдууд нарыг эгүүлэн татах, төрийн данхар бүтцийг цомхон болгох агуулгатай шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Шаардлагын хариуг хүргүүлжээ.
Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Судалгаа хийж үзэхэд үндэслэлтэй байна. Зөвхөн дэд сайд төдийгүй төрийн данхар бүтцийг цомхтгох тухай агуулгын хүрээн дэх шаардлагыг бид хүлээн авах боломжтой. Хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд хамтран ажиллаж болно гэх утга бүхий хариу ирсэн.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр, суурийг маш тодорхой илэрхийлж, МАН-ын даргыг хавсран гүйцэтгэж байгаа ажлаа хүлээлгэн өгтөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн шаардлагынхаа хүрээнд Ардчилсан нам ажиллаж байна.
Нийтлэг асуултууд гарсан. УИХ-ын дарга М.Энхболд, З.Энхболд нарын үед ийм жишиг байсан биз дээ гэдгийг хэлж байна. Энэ буруу жишгийг засах ёстой гэж бид үзэж байгаа юм.
Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн дэмжиж санал өгсөн байна, О.Цогтгэрэл та дэмжсэн байна гэж сэтгүүлч надаас асуусан. Д.Амарбаясгалан дарга огцорсон, УИХ төсөв батлах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ийм нөхцөлд бид гарц, гаргалгаа боловсруулж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж, хуулийн төсөл өргөн барьсан. Бид зүгээр л улстөржсөн үйл ажиллагаа явуулаагүй. Бэлэн хуулийн төслөө бэлтгээд өргөн барьсан юм.
Н.Учрал даргыг УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаад Ардчилсан намын бүлгийн хуулийг хэлэлцэх ёстой, УИХ-ын дарга томилогдсоны дараа Ардчилсан намын өргөн барьсан хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байсан. Одоо хуулийг хэлэлцэх ёстой, гэтэл тов дараалалд байхгүй учраас бид өмнөх зарчмын байр сууриа хэрэгжүүлнэ. Ийм байр сууринаас хандсан шүү гэдгээ хэлье” гэлээ.
Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл бичих