
Иранд байрлах байгалийн хийн томоохон байгууламж агаарын цохилтод өртсөн гэх мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ баррель нь 110 ам.доллар давлаа. Брент маркын нефтийн үнэ өнөөдөр өглөө (2026.03.19) Азийн арилжаанд 112 ам.долларт хүрсэн бөгөөд дараа нь бага зэрэг буурсан байна. Их Британийн байгалийн хийн үнэ мөн ойролцоогоор зургаан хувиар өсөөд дараа нь бага зэрэг буурчээ.
Ираны өмнөд Парс хийн орд дахь нефть-химийн цогцолбор цохилтод өртсний дараа газрын тосны үнэ өссөн байна. Тус улс уг байгууламжид гарсан галыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч эрчим хүчний дэд бүтцэд халдсан тохиолдолд шийдвэртэй арга хэмжээ авна гэж анхааруулсан. Катар улс уг хийн ордыг Ирантай хамтран ашигладаг төдийгүй тус бүсэд томоохон байгууламжууд ажиллуулдаг. Мөн Катар улс мөргөлдөөний улмаас гуравдугаар сарын эхээр үйлдвэрлэлээ бууруулаад байсан юм.
Катарын албаныхан энэ халдлага нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдэв. Шинжээчдийн үзэж буйгаар нөхцөл байдал эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна. Ялангуяа Ормузын хоолойн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа тул үнэ хэлбэлзэлтэй байх магадлалтай гэж анхааруулжээ. АНУ газрын тосны үнийн өсөлтөд хариу арга хэмжээ болгон тээврийн зарим дүрмийг түр хугацаанд зөөлрүүлж, эрчим хүч тээвэрлэх боломжийг нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч шинжээчид энэ нь түлшний үнийг мэдэгдэхүйц бууруулахгүй гэж үзэж байна. Учир нь үнийн өсөлтөд дэлхийн зах зээлийн газрын тосны үнэ голчлон нөлөөлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих