
Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар бага насандаа мэдэрч байсан стресс нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд урт хугацаандаа нөлөөлж болзошгүйг тогтоожээ. "Gastroenterology" сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд бага насны стресс нь тархи болон гэдэсний хоорондын холбоог алдагдуулдаг гэж дурдсан байна. Үүний улмаас хэвлийн өвдөлт, өтгөн хатах, суулгах, цочромтгой гэдэсний хам шинж зэрэг асуудал үүсэх эрсдэл нэмэгддэг.
Эрдэмтэд дээрх судалгааг хулгана дээр хийсэн туршилтаас дүгнэжээ. Тухайлбал, гөлчгийг өдөр бүр хэдэн цагийн турш эхээс нь салгаж, хүчээр стресстүүлж байсан. Хэдэн сарын дараа тухайн гөлчгийнүүд түгшимтгий болж, гэдэс нь өвдөх болж, хоол боловсруулах үйл ажиллагаа нь хэвийн бус болсон байна. Мөн эр, эм хулгануудын хооронд ялгаа гарч байсан нь ажиглагджээ. Эм хулганууд суулгах хандлагатай байсан бол эр хулганууд илүү өтгөн хатах шинж илэрсэн байна. Улмаар стресстэй холбоотой мэдрэлийн дохио нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нөлөөлж, харин даавар нь өвдөлтөд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Туршилтын үр дүнг хүүхдүүд дээр хийсэн судалгаанууд баталжээ. Дани улсад хийсэн судалгаанд 40 мянга гаруй хүүхдийг төрснөөс нь 15 нас хүртэл ажигласан байна. Сэтгэл гутралтай эхээс төрсөн хүүхдүүд хоол боловсруулах эрхтний асуудалтай болох магадлал өндөр байжээ. Мөн АНУ-д хийсэн өөр нэг судалгаанд 12 мянга орчим хүүхдийг хамруулсан байна. Хүчирхийлэл, хайхрамжгүй байдал зэргээс үүссэн стресст өртсөн хүүхдүүд 9–10 насандаа хоол боловсруулахдаа муу байжээ. Хулгана дээр хийсэн туршилтаас ялгаатай нь охид, хөвгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй.

Сэтгэгдэл бичих