Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


3-р сарын 18
17 цаг 53 минут

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. 

 Үндсэн хуульд заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль (2004 онд шинэчлэн найруулсан)-ийг тус тус баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тавьжээ. Үүнээс хойш Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр батлагдаж, 1995 оны Төрийн нууцын тухай хуульд байгаагүй “албаны нууц” хэмээх шинэ нэр томьёо тодорхойлогдон, практикт одоо хэрэглэгдэж байгаа аж. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2023 онд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд “…Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.2-т ““албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлсон боловч “байгууллагын ашиг сонирхол” болон “салбарын ашиг сонирхол” зэрэг нэр томьёо, ойлголтын тодорхойгүй байдлаас үүдэн төрийн байгууллагын удирдлагаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэт өргөнөөр албаны нууцад хамааруулах явдал нийтлэг байна. Учир нь “албаны нууц”-ыг тодорхойлох шалгуурыг хуульчлаагүйгээс төрийн байгууллага, агентлагийн дарга нар албаны нууц хэмээх ангилалд хэт өргөн хүрээний мэдээллийг хамруулж, иргэний мэдэх эрхийг зөрчих явдал их байна. Өнөөгийн байдлаар “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага бүр өөрийн зоргоор мэдээлэл нууцлах тохиолдол цөөнгүй байна” гэж дурджээ. 

Тодруулбал, хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор албаны нууцад авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авилга, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын албаны нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэлбэр, мөн хуулийн 28-30 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулжээ. 

Хуулийн төсөл нь 39 зүйлтэй бөгөөд төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ. Тухайлбал,  Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Энэ хүрээнд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь хуулиас хассан байна. Мөн төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Түүнчлэн төрийн нууцын жагсаалтыг хуулиар тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлж, парламентын хяналтыг бүрэн тогтоосон хэмээлээ.

Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авилга, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлэхээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр төрийн нууцын жагсаалтыг салбар, байгууллагын хэмжээнд хэт өргөжүүлэн батлах зохицуулалтыг хүчингүй болгосноор төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн үзэл санаа баталгаажна хэмээн тайлбарлалаа. 

 

Хуулийн төслийг дагалдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон хуульд заасан нэр томьёог жигдлэх, зохицуулалт хоорондын уялдааг хангах зорилгоор нийт 43 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа1 цаг 38 минутын өмнөУБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо1 цаг 39 минутын өмнөНамын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг1 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав1 цаг 41 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ1 цаг 46 минутын өмнө2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 48 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 49 минутын өмнөХ.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе1 цаг 52 минутын өмнөБ.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий1 цаг 53 минутын өмнөАрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.